Хороодын өрхийн эмнэлэг, иргэний танхимд дархлаажуулалтын суурин цэгүүд ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
bolor@montsame.mn
2021-12-02 13:14:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. III тунд хамрагдах иргэдийн идэвх сүүлийн үед нэмэгдэж байгаа. Иргэдийн идэвх сайжирч байгаа энэ үед вакцинжуулалтын цэгийн тоог нэмжээ.


Тодруулбал, есөн дүүргийн бүх хороонд дархлаажуулалтын суурин цэгийг нээсэн бөгөөд нийт 173 суурин цэгээр дархлаажуулж эхлээд байна. Хороодын өрхийн эрүүл мэндийн төв, иргэний танхимуудад дархлаажуулалтын цэг ажиллаж байгаа бөгөөд өөрт ойр байршилтай газарт хандах боломжтой. Мөн иргэдийн ажлын цагийг тооцоолон дээрх суурин цэгүүдийг 9.00-20.00 цаг хүртэл ажиллахаар зохион байгуулсан байна. Түүнчлэн томоохон зах, худалдааны төвүүдэд түр цэгүүдийг ажиллуулан, вакцинжуулалтыг хийж байгаа. НЭМГ-аас хийсэн дараагийн ажил нь 75 их, дээд сургуульд 37 явуулын баг ажиллуулан, оюутан, залуусыг вакцинжуулжээ. Уг ажлын хүрээнд нийслэлийн хэмжээнд вакцинжуулалтад хамрагдах 138 мянган оюутан залуусын 28272 нь III тундаа хамрагдсан байна.


НЭМГ-ын Эрүүл мэндийг дэмжих, нийтийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа, “Оюутан залуусын вакцинд хамрагдах идэвх харьцангуй сул байгаа. Залуус вакцины талаарх үнэн бодит мэдээлэл хомс, худал ташаа мэдээлэлд автсан, бусдыгаа даган дуурайх байдлаар вакцинаас татгалзаж байгаа нь ажиглагдсан” хэмээв.


Байгууллага, аж ахуй нэгжүүд нэгдсэн журмаар дархлаажуулалтад хамрагдах захиалга өгвөл дуудлагын баг хуваарийн дагуу очиж байгаагаас гадна гэрээрээ вакцинжуулалтад хамрагдах зайлшгүй шаардлагатай өндөр настай, хүнд өвчтэй иргэд рүү баг илгээн, дархлаажуулалт хийж байна. Иймд гэрээр болон нэгдсэн журмаар вакцинжуулалтад хамрагдах иргэд, аж ахуй нэгж тухайн дүүргийнхээ эрүүл мэндийн төвийн вакцинжуулалт хариуцсан баг, дуудлагын төвд хандах боломжтой. НЭМГ-аас бүх боломжит нөөцөө дайчлан ажиллаж байгаа бөгөөд сувилагч нарыг богино хугацааны сургалтад хамруулан, вакцины сувилагч болгон бэлтгэж байгаа тул иргэдийг вакциндаа идэвхтэй хамрагдахыг уриаллаа.  


“Шангри-ла” худалдааны төвд ажиллаж буй Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч У.Мягмарсүрэн “Сүхбаатар дүүргийн хэмжээнд дархлаажуулалтын хоёр сарын аян зарлан, явуулын болон суурин 21 цэг ажиллаж байна. “Шангри-ла” худалдааны төвд дархлаажуулалтын цэг нээгээд 14 хонож байгаа. Өдөрт дунджаар 150-200 орчим хүн III тундаа хамрагдаж байна. Аюулт цар тахлыг давахын тулд хүн бүр III тундаа идэвхтэй хамрагдаарай” хэмээн уриалав.



Холбоотой мэдээ