Цасгүй газарт мал хараар зутрах, бэлчээр ашиглах боломж муудах нөхцөл үүсэх магадлалтай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-12-02 17:35:04

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс өнөөдөр зудын эрсдэлийн мэдээ танилцууллаа. 

Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс зуншлага, цас зуд, бэлчээртэй холбоотой газрын ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээг нэгтгэн боловсруулж, зудын эрсдэлийн зураг мэдээ гаргадаг. Зудын эрсдэлийн зургийг боловсруулахдаа өнгөрсөн зуны ган, зуншлага, 2021-2022 оны өвөл-хаврын бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, малын тоо, агаарын температур, хур тунадасны хазайлт, энэ жилийн цасны бүрхэц, зузаан болон агаарын температур, хур тунадасны урьдчилсан мэдээ зэрэг мэдээллийг ашигласан аж.

Ховд аймгийн хэмжээнд энэ жил зуншлага ихэнх нутгаар хэвийн сайн байсан бөгөөд наймдугаар сарын 20-ны өдрийн байдлаар нийт нутгийн 75 орчим хувьд сайн, 25 гаруй хувьд дунд зэргийн зуншлагатай байсан. 

2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар нийт нутгийн 15 орчим хувьд цастай байна. Өөрөөр хэлбэл, Алтайн өвөр говийн Алтай, Үенч, Булган сумын нутгаар болон Алтайн салбар уулсаар 2-5 см зузаан цас орсон байна.

Зудын эрсдэлийг тооцоолж, 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар гаргасан зургаас үзвэл Булган сумын Баянгол, Алаг толгой багийн хойд талын нутаг, Үенч сумын Нарийн гол, Жаргалант багийн хойд тал, Цэцэг сумын Баян-Овоо багийн нутаг, Мөст сумын Хужирт багийн нутгаар эрсдэл их байна.  

Харин Алтай сумын Бодонч, Барлаг баг, Цэцэг сумын Баянгол багийн нутаг, Дарви сумын Мөрөн багийн баруун өмнө тал, Манхан сумын Баянгол багийн нутгаар дунд зэргийн эрсдэлтэй гарсан.

Өнгөрсөн зун нийт нутгаар бороо хур элбэг, нэгжийн ургац сайн улмаар бэлчээрийн нөөц, даац хүрэлцээтэй гарсан. Мөн 12 дугаар сард дунджаас дулаан, Алтайн өвөр говийн нутгаар болон Алтайн салбар уулсаар олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас бага цас орох төлөвтэй байгаа. Энэ нь зуд үүсэх нөхцөл бага байгааг харуулах боловч цасгүй газарт мал хараар зутрах, бэлчээр ашиглах боломж муудах нөхцөл үүсэх талтай байна гэж Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.  


Холбоотой мэдээ