“Ногоон барилгын үнэлгээ”-ний сургалт “Шар хад” дэд төвд үргэлжиллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-12-02 18:25:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Ногоон барилга, түүний үнэлгээ систем”-ийг танилцуулах сургалтыг ОУСК нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон “Монголын барилгын Үндэсний ассоциац” ТББ хамтран зохион байгуулж байна. Нийслэлд Баянхошуу бизнес инкубатор сургалт, үйлдвэрлэлийн төвөөс анх эхэлсэн уг сургалт өнөөдөр нийслэлийн Баянзүрх дүүрэг дэх “Шар хад” дэд төвд боллоо. Сургалтаар барилгын салбарынхны мэдлэг чадавх болон барилгын эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх, ногоон барилгын үнэлгээний системүүд болон тэр дундаа "EDGE" -ийн талаарх мэдлэгийг түгээж буй юм.




Ногоон барилга, орон сууцны стандарт, үнэлгээ одоогоор манай улсад хараахан гараагүй байгаа юм. Тиймээс нийслэлээс санаачлан ногоон  барилга, ногоон орон сууцны талаарх ойлголтыг иргэд болон ААН, компаниудын хүрээнд төлөвшүүлэх сургалтыг цувралаар хийж байна” гэж Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар тодотголоо

Ногоон барилгын үнэлгээний EDGE (Excellence in Design for Greater Efficiencies) систем гэдэг нь эрчим хүч, усны хэрэглээ болон ашигласан барилгын материал гэсэн 3 чиглэлийн үнэлгээг хэлдэг байна. Дэлхийн 150 гаруй улсад хэрэгжүүлж буй, Дэлхийн банк, ОУСК-аас нэвтрүүлсэн ногоон барилга, байгууламжийн стандарт үнэлгээ юм

Ташрамд дурдахад, манай улсаас анх удаа ногоон барилгын EDGE гэрчилгээг нийслэлийн Баянгол дүүрэгт “Сакура Проперти” ХХК-ийн барьсан амины орон сууцанд олгоод байгаа юм. Ингэснээр манай улс олон улсад хүлээн зөвшөөрсөн, байгаль орчинд ээлтэй, бүхий л талын хэмнэлттэй ногоон барилгын гэрчилгээ авсан анхны барилгатай болоод байна.

Олон улсын EDGE системээр эрчим хүчний аудит хийж ногоон барилгын олон улсын гэрчилгээг олгодог.

Холбоотой мэдээ