ХАА-н зохистой дадлыг нэвтрүүлж буй туршлагаа хуваалцав

Монголын мэдээ | Байгаль орчин
192@montsame.mn
2021-12-03 16:45:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХАА-н зохистой дадлыг хэвшүүлэх сэдэвт хэлэлцүүлгийг ХХААХҮЯ, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Швейцарын хөгжлийн агентлагийн "Монгол ногоо" төслөөс хамтран зохион байгуулав.

ХАА-н зохистой дадал гэдэг нь, аливаа хүнсний ногоо, ургацыг тарьсан үрийг хаанаас авсан, бордоонд юу ашигласан зэрэг талбайн түүхийг үнэн мөнөөр хөтөлж, хөдөлмөрийн аюулгүй байдлыг сахин хамгаалахыг хэлдэг. Монгол Улс төмс хүнсний ногооны үйлдвэрлэлд ХАА-н зохистой дадлыг нэвтрүүлэхээр ажиллаж байна.  




Хүнсний тухай болон Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулиар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид ХАА-н зохистой дадлыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх үүрэгтэй. Үүний дагуу 2009 онд “Хүнсний ногоо, жимс, жимсгэнийн үйлдвэрлэлд ХАА-н зохистой дадлыг хялбаршуулан нэвтрүүлэх заавар, зохистой дадал тэмдгийг баталсан. Мөн MNS 6737: 2018 гэсэн ХАА-н зохистой дадал хэрэгжүүлэх удирдамжийг батлан хэрэгжүүлж байна.




Уг үйл ажиллагаа эхэлсэн 2019 оноос хойш өнөөдрийн байдлаар хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгч 47 иргэн, ААН өөрсдийн үйл ажиллагаанд нэвтрүүлснийг хөндлөнгийн байгууллагаар баталгаажуулж, гэрчилгээгээ аваад байна. Тоон дүнгээс харвал төмсний 2-3 хувь, хүнсний ногооны үйлдвэрлэлийн 4-5 хувьд нь ХАА-н зохистой дадлыг нэвтрүүлжээ. Тиймээс цаашид ХАА-н зохистой дадлыг нэвтрүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, зах зээлийн боломжийг бүрдүүлэхээр өнөөдрийн хэлэлцүүлгийг зохион байгуулав. Хэлэлцүүлэгт төрийн болон ТББ, хувийн ААН-үүдийн төлөөлөл оролцож, зохистой дадал нэвтрүүлсэн туршлагаа хуваалцлаа.




Хүлэмжийн аж ахуй-улаан лооль, гүзээлзгэнийн тариалалт, ургац хураалт, хадгалалт, тээвэрлэлтэд ХАА-н зохистой дадал нэвтрүүлсэн Төв аймгийн Баянцогт сумын “Мөнх ногоон тал” ХХК, ил талбайн-төмс, байцаа, шар манжин, луувангийн тариалалт, ургац хураалт, хадгалалт, тээвэрлэлтэд мөн нэвтрүүлсэн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын өрхийн тариаланч С.Янжинлхам нарт баталгаажуулалтын гэрчилгээг гардуулан өглөө. 





Холбоотой мэдээ