Ж.Байден Засгийн газрын санхүүжилтийг сунгах баримт бичигт гарын үсэг зуржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2021-12-04 13:21:55
ВАШИНГТОН. /AP/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Засгийн газрын санхүүжилтийг ирэх оны хоёрдугаар сарын 18-ны өдрийг хүртэл сунгах тухай хуулийн төсөлд гарын үсэг зурсан талаар Цагаан ордны хэвлэлийн албанаас баасан гарагт мэдээлжээ.


Энэхүү барим бичиг батлагдсанаар "шатдаун" буюу Засгийн газрын үйл ажиллагаа түр зогсохоос зайлсхийж байгаа юм. Конгрессын хоёр танхимд пүрэв гарагт уг хуулийн төслийн талаар санал хураалт явуулсан бөгөөд Төлөөлөгчдийн танхимын гишүүд 221-212 саналын харьцаагаар, Сенатын танхимын гишүүд 69-28 саналын харьцаагаар тус тус батлан Ерөнхийлөгчид хүргүүлсэн байна.


Ташрамд дурдахад, АНУ-ын Засгийн газрын үйл ажиллагаа xамгийн сүүлд 2018 оны 12 дугаар сарын 22-нд түр зогсож, "шатдаун" 35 хоног үргэлжилсэн билээ. Тухайн үед АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Мексиктэй залгаа хилийн дагуу хана барих зорилгоор улсын төсөвт таван тэрбум гаруй ам.доллар суулгахыг хүссэн боловч үүнийг Конгрессын Төлөөлөгчдийн танхим дахь сөрөг хүчний Ардчилсан намын гишүүд эрс эсэргүүцсэн учраас төсвийг батлах зөвшилцөл гацаанд орж, Засгийн газрын яам, агентлагуудын үйл ажиллагаа түр зогссон юм.

Холбоотой мэдээ