Тайландад “омикрон” хувилбарын анхны тохиолдол илэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-12-06 15:38:03

БАНГКОК. /The Guardian/. Тайландад коронавирусний “омикрон” хувилбараар халдварласан анхны тохиолдол бүртгэгдэж, өнгөрсөн сарын сүүлээр Испаниас ирсэн АНУ-ын иргэнээс шинэ хувилбар илэрсэн талаар тус улсын эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгч мэдээлснийг “Reuters” агентлаг уламжилжээ.


“Тайландад 11 дүгээр сарын 29-нд ирсэн эрэгтэй “Омикрон” хувилбараар халдварласан болох нь тогтоогдсоноор манай улс “омикрон” хувилбар илэрсэн 47 дахь орон боллоо” гэж Өвчинд хяналт тавих газрын дарга Опас Карнкавинпонг хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлсэн байна.


Тодруулбал, Испанид нэг жил амьдарсан АНУ-ын иргэн, 35 настай эрэгтэйгээс халдвар илэрсэн бөгөөд түүнд хөнгөн шинж тэмдэг илэрч байгаа аж. Одоо эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд уг эрэгтэйтэй ойр байсан хүмүүсийг шинжилгээнд хамруулж байна.


Тайланд “омикрон” хувилбарын тархалтаас урьдчилан сэргийлэхийн тулд 12 дугаар сарын эхэн үеэс Ботсвана, Эсватини, Лесото, Малави, Мозамбик, Намиби, Өмнөд Африк, Зимбабве зэрэг Африкийн найман орноос ирэх зорчигчдод хилээ хаасан юм. О.Карнкавинпонгийн мэдээлснээр, эрх баригчид Африкийн бусад орноос ирэх хөдөлгөөнийг мөн хязгаарлаж, хилийн чанадаас ирэх иргэдээс халдвар илэрч болзошгүй тул холбогдох дүрэм журмыг чангатгажээ. 

Холбоотой мэдээ