Монгол яруу найргийн антолог бенгал хэлнээ хэвлэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2021-12-08 08:15:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эртний түүхт Энэтхэг орны нэгэн гол хэл болох бенгал хэлээр Монголын яруу найргийн антолог хэвлэгдэн гарчээ. 

 

“Монголын яруу найраг” (Mongoliar Kabita) нэртэй хэвлэгдсэн тус антологид Монголын эртний яруу найргийн дээж Ертөнцийн гурав, Хүннүгийн дуу, Уяхан замбуутивийн наран, Чингисийн билиг болон В.Гулиранса, В.Инжиннаши, Д.Данзанравжаа, Б.Явуухулан, М.Цэдэндорж, С.Буяннэмэх, Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн, Н.Нямдорж, Р.Чойном, Д.Нямсүрэн, О.Дашбалбар, түүнчлэн өнөө цагийн яруу найрагчдын төлөөлөл Г.Мэнд-Ооёо, М.Уянсүх, Б.Ичинхорлоо, М.Амархүү, Г.Бямбажав, О.Цэнд-Аюуш нарын зэрэг тавь орчим бүтээл багтжээ. Мөн номыг зураач, яруу найрагч Ж.Саруулбуянгийн таталбар зургуудаар чимэглэжээ.

 

Энэтхэгийн яруу найрагч Амарендра Чакроварти нь 2006, 2017 онд Монголд болсон Дэлхийн яруу найрагчдын их хуралд оролцсон бөгөөд Монголын яруу найргийн англи хэл дээрх олон номоос сонголт хийн антологоо бүтээжээ. Тэрбээр яруу найрагч, хүүхдийн зохиолч, аялагч, хэвлэн нийтлэгч, баримтат кино бүтээгч, бенгал хэлт уран зохиолын нэртэй төлөөлөгч ажээ. 

 

Уг антологийнхоо өмнөтгөлд монголчуудын бичиг үсгийн түүх соёл, Монголтой холбогдсон түүхээ хуваалцаж “...тэдний шүлэг найргаас үндэснийх нь аз жаргал, уйтгар гуниг, хүсэл мөрөөдөл, түүхийн дурсамжуудыг барьж тогтоож болохоор байна” хэмээн бичсэн байна.

 

Мөн “Яруу найргийн хэл дэх үгсийн судал хийгээд сэтгэл хөдлөлийг ойлгоход амаргүй. Тухайн үндэсний зүрхний цохилтыг хадгалж, үргэлж сэрээж байдаг учраас яруу найраг гэдэг тухайн орны яруу найрагчдын дуу хоолойг хөрс шороо хийгээд цаг үетэй нь тэврэн хадгалдаг… Хэдий англи хэлнээс эдгээр шүлгийг орчуулсан ч газар зүйн алслалтыг туулан эрс тэс уур амьсгалтай тал нутгийн дуу хоолойг зөөлөн намуун Бенгалын буланд хүргэж ирсэндээ баяртай байна” гэжээ. 


Холбоотой мэдээ