Рийм Алсалем: Хүчирхийллийн эсрэг хуулиудыг үр дүнтэй хэрэгжүүлэх шаардлагатай байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын Эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг асуудлаарх Тусгай илтгэгч, хатагтай Рийм Алсалем Монгол Улсад ажилласан урьдчилсан тайлангаа өнөөдөр НҮБ-ын суурин төлөөлөгчийн газрын байранд тавьж танилцуулав. Тэрээр манай улсад 10 хоног ажилласан юм. Энэ хугацаанд жендэрийн нөхцөл байдал, хүчирхийллийн эсрэг хийж буй ажилттай танилцан төр, засгийн болон олон нийтийн байгууллагын төлөөлөл, хохирогч эмэгтэйчүүдтэй уулзажээ. Мөн Өмнөговь аймагт ажилласан байна. Монгол Улс дахь эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох олон улсын гэрээ хэлэлцээрийн хэрэгжилт болон хууль эрхүйн байдал, институц, бодлогын орчинг судалжээ.
Тэрээр хэлэхдээ, “Юуны
өмнө урьж ажиллуулсан Монгол Улсын Засгийн газар, энд хамтран ажилласан бүх байгууллага
хүмүүст талархсанаа илэрхийлье. Монгол Улс жендерт суурилсан эмэгтэйчүүдийн
хүчирхийллийн эсрэг хуулиудыг гаргахад дорвитой ажиллаж ахиц гарсныг НҮБ-ын
хүний эрхийн шинжээчийн хувьд сайшааж байна.
Тухайлбал, өнгөрсөн
10 жилд гэр бүлийн хүчирхийлэл, хүний наймаа, жендерийн эрх тэгш байдал,
хохирогч, гэрчийг хамгаалахтай холбоотой олон гол хуулийг гаргаж жендерт
суурилсан хүчирхийллийн эсрэг ажиллахад, арга хэмжээ авахад хууль эрхзүйг хүрээг
бий болгож чадсан байна. Харин одоо эдгээр хуулийг орон даяар үр дүнтэй
хэрэгжүүлж баталгаажуулах шаардлагатай байгаа нь харагдлаа” гэдгийг онцолж байна.
Тэрээр гарсан хууль эрхзүйн хүрээнд үндэсний хууль дүрмийг олон улсын
стандартад нийцүүлж, хүчирхийллийн эсрэг үйл ажиллагааны шинэчлэлийг
үргэлжлүүлэн бий болгох нийгэмд бодит тулгуур болно гэдгийг тодотгов.
Тодруулж хэлэхэд, Монголд хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдэд орон байр, нэг цэгийн үйлчилгээний төв, олон талын багийн үйлчилгээ бий болж өргөжиж байгаа нь сайн хэрэг. Харин одоо үйлчилгээг сайжруулж, иргэдэд хүртээмжтэй болгож хүргэх, ялангуяа хөдөө, орон нутагт хүргэх, үйлчилгээний хангамжийг баталгаажуулахад их зүйл хийх, үйл явцыг түргэсэх цаг болсныг хэллээ.
Жендэрт суурилсан хүчирхийлэлд чиглэсэн Засгийн газрын бүтэц, тэр дундаа Жендэрийн үндэсний хороо ажиллаж байгаад талархаж байна. "Жендэрийн эсрэг үндэсний хороог Монгол Улсын Ерөнхий сайд тэргүүлж байна. Харин тус хороог Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд шилжүүлэх гэж байгаа талаар би сонссон. Миний бодлоор жендерийн асуудлыг Ерөнхий сайдын эрхлэх хүрээнд үлдээх нь зүйтэй" гэв.
Хүчирхийллийн талаар бодит амьдралд гардаг зүйлийн талаар тэрээр хэлэхдээ, гэр бүл дотор болж буй зөрчлөөс гадна гаднах орчинд болж буй хүчирхийлэлд онцгой анхаарах учиртайг хэлж байв. Гэр бүлийн хувьд эхнэр, нөхрийн бэлгийн харилцаанд хэн нэг нь дургүй байхад үйлдэл хийх нь мөн зөрчилд тооцогдож хүчирхийлэл болж хувирдаг, гэмт хэргийн нэг төрөл юм гэдгийг тодотгож, энэ талаар иргэд анхаарахаас гадна хууль эрхзүйн хувьд ч авч үзэх учиртайг хэлж байв. Тэрээр төрөлтийн үеийн хүчирхийлэлд анхаарах ёстойг зөвлөж байлаа. Төрөлтийн үеийн хүчирхийлэл гэдгийг түүнээс тодруулахад, энд эхчүүд төрөх үед түүний зөвшөөрөлгүйгээр өөр хагалгаа, мэс засал хийх зэрэг орж буйг тодотгож байв. Хүүхдээ төрүүлж байгаа эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртөж байна. Жишээ нь, тухайн ээжийн зөвшөөрөлгүйгээр амаржсаны дараа савыг нь боож байгаа нь хүний эрхийн ноцтой зөрчил юм.
Түүнчилэн эхчүүд, эмэгтэйчүүдийг бэлгийн дарамт дор үзэж эмчлэх, хэл амаар доромжлох зэрэг үйлдэл ордог байна. Үүнийг зохицуулах механизм одоогоор байхгүй байгаа ч энэ бол эмэгтэйчүүдийн эсрэг том зөрчил гэдгийг тодотгож, ихэвчилэн эмч, үйлчлүүлэгийн хоорондох харьцаанд их гарч байгааг анхаарч, судалж авч үзэх ёстой асуудал. Эрүүл мэндийн салбар дахь үйлчилгээг хүний эрх, хүчирхийлэлтэй холбон цогцоор авч үзэн шийдэх учиртай гэдгийг зөвлөж байв. НҮБ-ын Тусгай илтгэгч, хатагтай Рийм Алсалемаас зарим зүйлийг тодруулав.
-Жендертэй холбоотой нийгмийн үйлчилгээг ямар арга замаар, яаж хүртээмжтэй сайжруулах
вэ?
-Энд төр, засгаас эрүүл мэнд зэрэг нийгмийн үйлчилгээг
сайжруулж байгаагаас гадна хүлээн авах иргэдийн хүчин чармайлт, бүх нийтийн
оролцоо чухал. Тиймээс хууль эрхзүйн шинэчлэлээс гадна түүнийг иргэдэл
ойлгуулах соён гэгээрүүлэх үйл ажиллагаа чухал. Монголд энэ дутагдаж байна.
-Та манай улсад ирж ажиллаж буй НҮБ-ын 10 дахь тусгай
илтгэгч болжээ. Өмнө нь мөн манай улсад байгаль орчин болон хүний эрхийн талаар тусгай илтгэгч ирж
ажиллаж байсан. НҮБ-ын Хүний эрхийн хороон дээр энэ мэтчилэн манай улсад ирж
ажилласан Тусгай илтгэгч нарын тайлан, зөвлөгөө, дүгнэлтийг нэгтгэж гаргадаг
уу?
-Бид салбар салбарын асуудлаар, өөр өөрийн чиглэлээр санал дүгнэлтийг урьдчилан гаргаж, илтгэл тайлангаа тавьдаг. Эцсийн бүрэн болсон тайланг Хүний эрхийн зөвлөлд танилцуулдаг. Жишээ нь, миний бие одоо та бүхэнд танилцуулан тавьж буй илтгэл тайлангаа ирэх оны 6 дугаар сард НҮБ-д албан ёсоор тавьж танилцуулна гэв.
Тодруулга: НҮБ-д хүний эрхийн талаар, байгаль орчны зэрэг салбар салбарын асуудлыг хариуцсан 45 тусгай илтгэгч ажилладаг байна. Мөн тусгайлсан, дэлхийн анхаарал татасан бүс нутгийг хариуцсан онцгой мандаттай 11 илтгэгч томилогдон ажилладаг аж.
Гэрэл зургийг Н.Батбаяр