Дарьганга сумын цэцэрлэгийн шинэ барилгын ажил 30 хувьтай үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-12-09 15:34:48

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Дарьганга суманд барьж буй 150 ортой цэцэрлэгийн барилгын ажил өнгөрсөн есөн сард эхэлсэн бөгөөд өдгөө барилгын явц 30 хувьтай үргэлжилж байна. Энэ бол улсын төсвийн 1,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийж буй ажил юм.

Цэцэрлэгийн хуучин барилга 2007 онд ашиглалтад орж байсан. Анги танхимаас гадна шаардлагатай өрөө тасалгаа байхгүй. Одоогоор бид цэцэрлэгийн байр болон нэг гэрт үйл ажиллагаагаа явуулж байна. Шинэ барилгын тухайд 9 дүгээр сарын 27-нд гүйцэтгэгчид ирж барилгын ажлыг эхлүүлсэн. "Мон марс" ХХК-ийн хамт олон ирснээсээ хойш өдөр бүр ажиллаж байгаа. Энэ эрчээрээ ажиллавал ирэх жил бид шинэ байрандаа орно гэсэн төлөвлөгөөтэй байна гэж цэцэрлэгийн эрхлэгч Ю.Соёлмаа хэллээ.

Тус сумын цэцэрлэг жилдээ сумынхаа цэцэрлэгийн насны 160-170 хүүхдийг хүлээн авдаг. Энэ жилийн тухайд 4-5 насны 110 хүүхдийг таван бүлэгт хүлээн авч хичээллэж байна. Цэцэрлэгээс коронавирусний халдвараар өвчилсөн хүүхэд байхгүй, харин багш, ажилчдын 20 хувь нь халдвар авчээ. Улмаар халдвар хамгааллын дэглэмээ сайн сахисны үр дүнд дотроо дахин халдвар гараагүй байна. 

Холбоотой мэдээ