Нийслэлийн хэмжээнд гал түймрийн дуудлага 16.9 хувиар цөөрчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НОБГ-аас санаачлан ахуйн гал түймрээс урьдчилан сэргийлэх “Мартаж болохгүй” мэдээлэл, сурталчилгааны нөлөөллийн аяныг 10-р сарын 25-наас эхлэн нэг сарын хугацаанд зохион байгууллаа.
Ахуйн гал түймрийн хор уршгийг таниулах, гал
түймрээс урьдчилан сэргийлэх арга замыг сурталчилах, иргэдийн буруу дадал
хандлагыг өөрчлөх, зөв үйлд уриалан иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд аяны
зорилго чиглэгдэж, энэ хугацаанд цуврал видео, зурагт постер зэрэг нийт 80
контент бүтээж олон нийтэд хүргэж ажилласан нь давхардсан тоогоор 1.9 сая иргэнд
хүрсэн байна.
“Мартаж болохгүй” сарын нөлөөллийн аян нь
ахуйн гал түймрээс хэрхэн урьдчилан сэргийлэх, хамгаалах мэдлэг ойлголтыг олон
нийтэд хүргэсэн, буруу дадлага хандлагад эерэг нөлөөлсөн, шинэлэг, үр дүнтэй
ажил боллоо хэмээн тус газрын даргын зөвлөлөөс дүгнээд цаашид улирлын
давтамжтай гамшгийн төрлөөр аяныг үргэлжлүүлэн зохион байгуулахыг чиглэл
болголоо.
2020 оны мөн үеийнхтэй харьцуулахад нийслэлийн хэмжээнд гал түймрийн дуудлага 16.9 хувиар, иргэдийн өмч хөрөнгөд учирсан хохирол 18.4 хувиар, нас барсан иргэд 5.8 хувиар тус тус цөөрсөн дүнтэй байна гэж НОБГ-аас мэдээллээ.