Боом өвчин хүнд халдварлажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-12-10 11:26:54

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Эрчимт эмчилгээний 103 тасагт энэ сарын 1-ний өдөр Тэс сумаас ирсэн 36 настай малчнаас боом өвчний эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн байна.  

Энэ дагуу аймгийн Зооноз өвчин судлалын төвийн дуудлагын баг очиж үзлэг хийн, тухайн иргэнээс сорьц авчээ. Мөн тухайн халдварын эх үүсвэр болох үхсэн малаас тархвар судлалын холбогдолтой сорьц материал дээжлэн авч хамтад нь ЗӨСТ-ийн лабораторид илгээсэн байна. Шинжилгээгээр тухайн иргэний болон үхсэн малын сорьцоос боом өвчний ген тодорхойлогдож, боомоор өвчилсөн болох нь баталгаажсан байна. Одоогоор тухайн өвчтнийг аймгийн Халдвартын тасагт тусгаарлан эмчилж байгаа бөгөөд биеийн байдал нь сайжирчээ. Мөн хамт байсан нэг гэр бүлийн дөрвөн хүнийг 14 хоногийн хугацаатай гэрт нь тусгаарлах арга хэмжээ авсан байна.

Боом нь өвчтэй мал, адгуус амьтнаас хүнд халдварладаг байгалийн голомтот, хурц халдварт өвчин байна. Хүний тунгалгийн зангилаа, тунгалгийн судлыг гэмтээж хүчтэй хордлого үүсгэх замаар өвчлүүлдэг. Боом өвчнөөр хүн, бүх төрлийн мал, адгуус амьтад, буга өвчлөхөөс гадна цус сорогч хөх түрүү, ялаа, шумуул нь хүнд халдвар тараадаг аж. Өвчний үүсгэгч нь гадуураа бүрхүүл үүсгэж, газрын хөрсөнд 30 жил хүртэл амьдрах чадвартай тул газар, шорооны ажил хийх, мөн өвчтэй малыг өвчих, хуулах, нядлах, ноослох, үхсэн малын сэг зэмтэй ажиллах үед гэмтсэн арьс салстаар халдвар дамждаг байна.

Иймээс аймгийн Зооноз өвчин судлалын төвөөс малчид, иргэдэд хандан дараах зөвлөмжийг хүргэж байна. Үүнд:

-Голомтот нутгийн хүн ам, мал сүргийг жил бүр боомын эсрэг дархлаажуулалтад хамруулах;

-Малын гаралтай мах, махан бүтээгдэхүүнийг сайтар боловсруулж хэрэглэх;

-Мал сүргийн дотор боом өвчний сэжиг илэрвэл сүргээс нь яаралтай тусгаарлаж мал эмнэлгийн байгууллагад хандах;

-Үхсэн, өвчилсөн мал амьтантай харьцах, газар шорооны ажил хийхдээ хамгаалах хувцас өмсөж занших, арьсаа шалбалах, гэмтэхээс болгоомжлох;

-Шалтгаангүй үхсэн малын мах, арьс, ширийг ашиглахгүй, ил задгай хаяхгүй байх;

-Мэргэжлийн байгууллагад хандаж мал үхсэн шалтгааныг тогтоолгох.

Холбоотой мэдээ