Б.СУВД: МОНГОЛ ХУВЦАСНААС БИДНИЙ ТҮҮХ, СОЁЛЫГ ХАРЖ БОЛНО
ТОЙМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.
Үндэсний дээл хувцас урлаж, монгол гоёлоор нийтэд соёлыг түгээдэг “Монгол костюмс” ХХК, “Сэмүүн” студитай хамтран “Монгол хувцасны нууц товчоон” баримтат кино бүтээв. Тус кино нь монгол орны нутаг дэвсгэрээс олдсон эртний хувцас, өмсгөл, гоёл чимэглэлийн олдвор зэргээс эхлэн XIII-XVI зууны үеийн монголчуудын хувцасны соёлын арвин судлагдахууныг багтаажээ. “Монгол костюмс” нь байгуулагдсан цагаасаа эхлэн монгол хувцасны түүх, соёлыг таниулах, сурталчлах зорилгоор ажиллаж ирсэн бөгөөд “Монгол хувцасны нууц товчоон” нь сүүлийн 20-иод жилийн турш дотоодын 10, дэлхийн 16 хотуудаар явж хэрэгжүүлсэн төсөл юм. Үүнээс гадна Швейцарын хөгжлийн агентлаг хамтран ажилласан байна.
Хувцас бол түүхэн цаг хугацааны хувьд өөрчлөгдөж байдаг боловч үндсэн язгуур хэлбэрээ авч үлддэг гэдгийг олон судлаачид нотолсон байдаг. Монгол хувцасны соёл гэдэг бол дэлхийн түүх хэмээгддэг. Учир нь Чингис хааны байлдан дагуулалтын үед монголчууд асар том эзэнт гүрнийг байгуулж байсантай холбоотой.
Тиймээс л уг баримтат киногоор “Монгол хувцасны нууц товчоон” төслийн хамт олон хувцасны соёлоор дамжуулан Монголын түүхийг өгүүлэх, сурталчлан таниулахыг зорьжээ. Мөнхүү дэлхийн улс оронд өмсөж буй хувцасны гоёл, чимэглэл зэргийн эртний монголчуудын эдэлж хэрэглэж байсан хувцасны соёлтой хэрхэн холбогдож буйг харуулсан байна.
Монголчуудын хувцасны соёл бүр эртнээс үүсэлтэйг манай орны биет соёлын өвд тооцогдох хадны сүг зургууд гэрчилдэг. Мөнхүү хувцасны хээ угалз нь малын туурайн мөр, эвэр зэргээс үүсэлтэйг хадны сүг зургаас тодорхой харж болно. Тиймээс бүх хээ Монголоос үүдэлтэйг батлах боломжтой зэрэг өвөрмөц, содон баримтуудаар тус бүтээл нь баялаг ажээ.
-Б.СУВД: Нүүдэлчид хүн төрөлхтний хувцас чимэглэл, загварын олон эхлэлийн үндсийг тавьсан-
Ийнхүү “Монгол костюмс”-ын захирал Б.Сувдтай “Монголын нууц товчоон” киноны тухай болон монгол хувцасны соёл, түүхийн талаар товчхон хөөрөлдсөн яриаг хүргэж байна.
-“Монгол хувцасны нууц товчоон” бүтээлийн бусдад үзүүлэх нөлөөллийн тухайд тодруулна уу?
-Бид уг киног бүтээхдээ 16 орны 40-өөд хот, муж улсуудад зочилсон. Манай төслийн хамт олон “Монгол хувцасны нууц товчоон” хэмээн киногоо нэрлэсний учир нь энд Монголын эзэнт гүрэн байх үед, хувцасны соёл нь гадаадын олон оронд түгэн дэлгэрсэн гэдгийг харуулахыг зорьсон. Үүнийгээ дагаад түүх, ёс заншил зэрэг олон хүчин зүйлс тэнд цуг явж байгаа. Дэлхийн орнууд нүүдэлчдээс зөвхөн урт шуумагтай өмд, гутлын нөлөөг аваагүй юм аа гэдгийг энэхүү киногоороо ил болгож буй.
-Баримтууд нь эхнээсээ ил болоод эхэлчихсэн байх, тийм үү?
-Тэгэлгүй яахав. Би 2019 онд Алтан ордон улс байгуулагдсаны 750 жилийн ойд очиход Казань хотод тун сайхан үзэсгэлэн гарчихсан байсан. Тэнд монгол хатдын өмсөж байсан “Богтаган” малгай маш сайн хадгалагдаж үлдсэнийг бишрэн харж байв даа. Энэ бол маш том үнэт олдвор. Бидний өвөг дээдсийн үлдээсэн өв соёл гэдгийг дэлхий нийт мэдэж байсан. Үзэсгэлэнгээр нь зочлоход монголчуудынх гээд тэмдэглэчихсэн байна лээ.
-Тайваний музейд мөн “Богтаган” малгайн зураг бий. Манайд энэ төрлийн олдвор, хүн чулуу хүртэл байдаг даа...
-Тийм. Басхүү Катарын музейд “Богтаган” малгай, таван хурууны бээлий, дээл бий. Тус музейд дэлгэгдсэн XIII зууны үеийн дээлний он ижил хувилбар манай улсын Дорноговь аймгийн музейд хүртэл байна. Олон эрдэмтэн Монголынх гээд баталчихсан, баримтууд ил болж байгаа. Үүнийг л бид кинондоо нэн түлхүү үзүүлэхийг зорьсон.
-Монгол хувцасны соёлын нөлөөлөл аль оронд хамгийн их туссан байна вэ?
-Маш олон улсад гэж хариулах байна. Ерөөс монгол хувцаснаас бидний түүх, соёлыг харж болно. Нүүдэлчид хүн төрөлхтний хувцас чимэглэлийн загварын олон эхлэлийг бий болгож байсан нь судалгаанаас тодорхой харагддаг. Учир нь эдгээр хувцас биед эвтэй, эрүүл мэндийн болон шинжлэх ухааны давуу талтай юм. Аль ч газрын соёл иргэншлийн түүхийг хувцас л хамгийн тод өнгөөр бүтээдэг. Мөнхүү хүчирхэг улсын соёл хувцсаар түгэн дэлгэрч байдаг.
-У.ЭРДЭНЭБАТ: Аливаа ард түмний эдийн соёлын нэг чухал бүрэлдэхүүн хэсэг нь хувцас-
МУИС-ийн “Антропологи, археологийн тэнхим”-ийн доктор, судлаач У.Эрдэнэбат
-Хувцас өмсгөлтэй холбоотой археологийн олдворууд хэр их олдсон бэ?
-Археологийн судалгааны явцад органик гаралтай эд зүйлс, эсгий, торго, даавуугаар хийсэн эд зүйлс илэрдэг. Эдгээр эд материалаар хийгдсэн зүйлс газрын хөрсөнд хадгалагдан үлдэх нь ховор. Тиймээс маш ховор эд зүйлсд тооцогддог юм. Манай Монголын хөрс шороон дээр бол археологийн судалгаагаар олдсон хувцас хэрэглэгдэхүүн нь эрт үеийн арвин баялаг түүхийг хадгалдаг. Олон, олон ховор нандин олдворууд ил болсон байгаа.
-“Монголын нууц товчоон” кинонд судлаачаар ажилласан хүний хувьд уг бүтээлийн тухайд ямар сэтгэгдэлтэй байна вэ?
-Аливаа ард түмний эдийн соёлын нэг чухал бүрэлдэхүүн хэсэг нь хувцас байдаг. Хүн төрөлхтөн хувцас гэдэг зүйл бий болсны ачаар адгуусан амьтны аймгаас жинхэнэ ёсоор тасарч, соёл үүссэн гэж үздэг. Тиймдээ ч манай оронд соёл нэн эрт үүсэж бий болсон нь хувцасны өмсгөл, тэдгээрийн гоёл чимэглэлийн олдворуудаар баталгааждаг юм. Үүнд хадны сүг зураг болон булш бунхнаас олдсон дээл хувцас зэрэг цөөнгүй тохиолдлууд багтана. Олон зуун мянган жилийн хөгжлийн явцад монголчууд тухайн нутаг оронд хамгийн их зохицсон хувцас хэрэглэлийг эдэлж байсан түүхтэй. Үүн дотор нүүдэлчдийн анхны Төрт ёсны Хүннү гүрэн, түүнээс өмнөх үеийн бүлэг нүүдэлчдийн үе, Монголд оршин тогтнож байсан үе үеийн эзэнт гүрнүүд, XII-XIV зууны үеийн байлдан дагуулалт зэрэг нь монгол хувцасны соёлын нөлөөг Ази, Европын олон оронд үзүүлсэн байдаг. Мөн түүх археологийн судалгаан дээр үндэслэн энэхүү нөлөөллийг баримттайгаар орчин үеийн хүмүүст энгийнээр тайлбарлах, түүхэн олдворыг сэргээн засварлаж хүмүүст таниулах, нийтийн дунд хэрэглээ бий болгох, загварын дизайнеруудтай хамтран ажиллах нь “Монгол хувцасны нууц товчоон” киноны гол зорилго юм.
-Мэдээж энэ талын судалгааг дэлхийн олон орнуудаар явж хийсэн байсан. Монголчуудын хувцасны нөлөөлөл аль улсад хамгийн их туссан байв?
-Хятад улс болов уу гэж боддог. Юань гүрний үеийн хаад, хатдын өмсгөл, хээ угалз, даавууны өнгө зэрэг тус улсын хувцас загварт хүчтэй нөлөө үзүүлсэн. Ер нь бидний өвөг дээдэс Хятад, Перс, Турк, Дундад Азийн орнууд, бүр Итали, Ромтой хүртэл холбоотой байсан нь археологийн судалгаагаар илэрсэн торго, даавууны материалаас харагддаг. Зарим улс орнууд монголчуудыг Их гүрэн байгуулж, хүчирхэгжсэн цаг дор тэдний дур сонирхол, хүсэл таашаалд зориулан хувцас урладаг байсан нь бий.
-Өмнө “Монгол хувцасны нууц товчоон” гэх хоёр боть гаргасан байдаг. Энэ талаараа дурдвал...
-“Монгол костюмс”, “Үндэсний хувцас судлалын академи”-тай хамтран 2011 онд “Монгол хувцас”, 2015 онд “Монгол хувцасны нууц товчоон” хоёр боть ном гаргасан. Монгол нутагт хүн суурьсан цагаас өнөөг хүртэлх хувцасны хөгжлийг тоймлон харуулахыг зорьсон бүтээл юм. Цаашлаад энэхүү хамтын ажиллагаа маань доктор Б.Сувд, найруулагч Б.Баяр болон олон арван хүний хичээл зүтгэлийн үндсэн дээр бий болсон баримтат киногоор ийнхүү үргэлжилж буйд нэн таатай байна. Монгол хувцасны тухайд Катарын Доха, Турк, Энэтхэг, Азербайжан, Хятад, Тайвань зэрэг орнуудад олон эх сурвалж бий. Үүнээс үндэслэн монгол хувцсыг он цагийн дараалал болоод үе үеэр нь бүтээн сэргээх боломж бий.
***
Үүнээс гадна Өмнөд Солонгос улсын эрдэмтэн Дондук Ким “III зууны үед скифийн өмд Грекд дэлгэрч, Хүннү өмд Хятадад нөлөөлөв. 5,6-р зууны үед Хятадын Дон – Ван мужийн Шиен-Дэйгээс гаралтай Солонгос, Япон, Хятад ёслолын хувцас, Ираны углаа хувцас, Төв Азийн нүүдэлчин иргэний дээлний нөлөөгөөр баяжжээ. Энэ үед монгол хувцас өмнөд газрын Солонгос, Япон, Хятадад нөлөөлсөн” хэмээн бичсэн байдаг.
Мэдээж монголчууд түүхэндээ хүчирхэг явсан ард түмэн. Уг түүхийн мөн чанар, зарим соёл нь хувцсаар дамжин олон улсад түгэн дэлгэрч байсныг “Монголын нууц товчоон” киноноос үзэж болно. Эцэст нь “Монгол костюмс”-ын үндэсний брэндийн захирал Б.Сувд “Бид монгол хувцасны хээ, чимэглэл, загвар хийцийг нарийн бүртгэж, өмчлөөгүйд л хэргийн учир оршиж байдаг. Гол нь энэ ажлуудыг шат дараатай, цааш нь гүнзгийрүүлэн хийх юм бол хувцас загварын олон бүтээл монголчуудын бий болгосон соёлоос эхтэйг батлах цаг ирнэ” хэмээн хэллээ.
Гэрэл зургийг | Б.Чадраабал