ЖИНХЭНЭ БОДИТ ЕРТӨНЦ

ТОЙМ
altankhuyag@montsame.mn
2021-12-16 21:05:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  


I.


Нэгэн удаа шүүмжлэгч Хэстэр Пикман “Бурхан бол гэрэл биш харин харанхуй, ариун эцэг бус хүү нь мөн. Бүтээгч биш бүтээгдэхүүн юм. Хүмүүс бие биенээсээ хол байдаг тул бурхан л хүнд хамгийн ойр дотно байдаг” гэжээ. Тиймээс бурхныг олон зүйлээс эрж хайж, түүнийг оршин буй гэдгийг нотлохоос илүүтэй ганцаар байхдаа л түүнийг эрэлхийлэх ёстойг сануулсан нь энэ. Тэгвэл бурханд шашны ойлголтоос үүдэлтэй гэгээрсэн хүн бус аливаа нэг уран бүтээлч илүү ойртож чадах юм шиг санагдана. Тэр уран бүтээлч үргэлж шинийг санаачлагч байх албагүй. Тэгээд ч өдгөө хувьсан өөрчлөгдөх гэдэг үг л манай орны аливаа урлагт тохирох болов уу. Түүнээс хувьсал хийгдсэн тохиолдлууд тун цөөн. Гол нь хувьсан өөрчлөгдөж, бусдыг байгаагаар нь хүлээн зөвшөөрч, юмсын орон зайд цаг хугацаанаас үл хамааран оршиж чаддаг байх ёстой ч юм бил үү гэсэн бодол зураач Ж.Анунарангийн “Бурхны хүү” үзэсгэлэнгээс төрсөн юм. Цаг хугацаанаас үл хамаарна гэдэг нь үргэлжид бүтээн туурвиж, энэхүү урт удаан аяллыг үл зогсоох бөгөөд цаг хугацаатай хамт наслах мөнхийн бүтээлийн эрэлд гарна гэсэн үг. Тэгж л чадвал цаг хугацаатай үргэлжид хамт насалж, хэзээд хүмүүсийн зүрх сэтгэлд шинээр ургаж, дэлбээлдэг бүтээлүүд төрөх биз ээ. Тийм л итгэл найдварын гэрлийг бурхны хүүхдүүд тээж “Монголын уран зургийн галлерей”-н хана, шал, таазнаас өлгөгдсөн гэрэл бүрт далайн давалгаан чимээгээр бүүвэйлэгдэн шингэж байв.


Үзэсгэлэнгийн гол бүтээл нь “Бурхны хүү” нэртэй цуврал зургууд. Зураг дээрх хүү үзэсгэлэнгийн танхимд цугласан олныг яг л үүлэн дундаас харж байх шиг... Цаанаас нь нарны туяа цацарч хүүгийн дүрх төрхийг нэвтлэн туучиж бүтээлийн өмнө зогсоо хэн нэгний харц, зүрхэнд тусах мэт болно. Зарим нь дөнгөж төрсөн, зарим нь өсвөр насны хүүгийн дүртэй. Бүр толгойноос нь амьтны чих ургачихсан дүр төрхтэй байна. Бурхны хүү мэдээж хүмүүсийн дунд олон дүр төрхтэйгөөр айлчлахаас гадна аливаа нэг бүтээлд бодит тусгалаар бус уран зөгнөлөөр өөрийгөө тунхагласан байх нь олон. Үүнийг л Ж.Анунаран зураач таньж, өөрийн дотроос олж нээсэн нь тун олзуурхууштай.




Эдгээр цуврал зургууд хоорондоо нэгдэж цогц агуулгыг бий болгох ч гэлээ “Бурхны хүү”, цуврал 3”-ыг онцлон дурдъя. Тус зураг дээрх хүү бусдыгаа бодвол нярай төрхтэй. Бусад цувралд нь үүслийн хэлбэр, тэнгэр огторгуйн сүүн замууд үзэгдэх ч энэхүү онцгойлсон бүтээлд л “одод” тодорч харагдана. Басхүү үүлсийг хар өнгөөр биежүүлсэн нь Пикманы “Бурхан бол гэрэл биш харин харанхуй” гэх санаатай нягт холбогдсон мэт. Магадгүй зураач нь энэ үгийг мэддэггүй байж болно. Хэрэв мэдсэн бол тэдгээр хүнд бараан үүлсийн цаанаас гэрэлтэгч бурхны бяцхан хүүгийн дүр уран бүтээлийн бодит харьцаанд тусгалаа олохгүй ч байсан байж мэдэх юм. Ерөөс монголчууд жаахан хүүхдийг “бурхан” гэдэг. Тиймээс энэ нь бидний язгуур сэтгэлгээтэй уялдахаас гадна хүн гэдэг бурхны бүтээл хэмээх агуу том санааг ч тээж явна. Бид бурхнаас эхлэлтэй байсан ч “амитаба”-д хүрэх зам мөн л бурхантай холбогдох биз ээ. Тэгвэл “Бурхны хүү” цуврал бүтээлүүд оршихуйн тухай урлагаас эрж хайдаг, философиос урган гардаг бид хаанаас эхлэлтэй хийгээд хаана төгсөх тухай асуултыг л үзэгчдэд дахин нэг тавьсан болов уу гэж санана. Гэхдээ үүнийгээ хайраар нийтгэж хүмүүсээс асуужээ. Хайр бол бусдыг ойлгож, байгаагаар нь хүлээн зөвшөөрөхийн нэр. Тиймээс л түүний уран зөгнөлийн тодотголтой бүтээлүүдэд нь хэт хийсвэрлэл үгүй бөгөөд харин ч бэлгэ тэмдгийн шинжтэй байна.


II.


Үзэсгэлэнд тавигдсан зургуудын санаа хэрхэн бүтэж, сэдэл нь биежиж эхэлснийг гагцхүү уран бүтээлч л мэднэ. Тиймээс цаг хугацаа, орон зайн хувьд тодорхойлох боломжгүй ч бүтээл бүртээ уран сэтгэлгээ, зөн билиг, ур чадварын хүчийг харамгүй зориулсан нь илт. Уг бүтээлүүд хатгамал болон наамал танка зэрэг төрлүүдэд хуваагдаж байна. Мэдээж танка урлал нь бурхан шашны соёл шингэсэн урлагийн өндөр түвшинд бий болдог зүйл. Харин Ж.Анунарангийн бүтээлд танка урлал нь зөн совинлог мэдрэмжээр баяжиж бүтээлд тусгалаа олохдоо өөр ертөнцийн бус гагцхүү жинхэнэ бодит дуу хоолойг бий болгох шиг санагдана. Учир нь энэ амьдрал гагцхүү цор ганц бодит оршихуй бус тухай илэрхийллүүд урлагт томоохон байр суурь эзэлдэг шүү дээ. Мэдээж мөн байсан ч хамгийн гол нь амьдралын бодит оршихуйд бүтээгчийн дотоод сэтгэлд уран зөгнөл хэрхэн биежиж буйгаас хамааран бүтээлүүд зөв тусгалаа олох нь бий.




“Амин сүнс”, “Элч”, “Дотоод би” зэрэг холимог техник ерөнхийд нь ашиглаж хийсэн бүтээлүүдэд уран зөгнөлийн биежилт, бэлгэ тэмдэг зэргийн хосолмол байдал гүн тусжээ. Уг бүтээлүүдийг эсгий, даавуун материалтай холин акрилик будаг ашиглаж бүтээсэн байна. “Дотоод би” хэмээх бүтээл бол зураач Ж.Анунарангийн ертөнцийг шууд илтгэнэ. Магадгүй алган дээрээ тавиад уншиж буй ном шиг үсэг бүрээр нь мэдэрч танихгүй юм аа гэхэд ямартай ч “Бурхны хүү” үзэсгэлэнг урлаж байхад дотор нь ямархан ертөнц байр сууриа олж байсныг тольдож болох шиг санагдана. Модод, тойрон эргэлдэх гурван шувууны дунд байх эвэр, чихтэй хүн дүрст нэгэн. Магадгүй монгол домгийн “элф” ч юм шиг... Ерөөс шашинд буга, гөрөөс нь бүхий л амьд төрөлтнийг төлөөлдөг. Тиймдээ ч сүмийн дээвэр дээр бодь гөрөөсийг залдаг шүү дээ. Байгальтай илүү ойр, магадгүй түүний нэг хэсэг гэмээр уул усны савдаг мэт дүртэй тэрхүү амьтны гар дээр фото зургийн негативийг цаасан дээр хэвлэж гэрэлтүүлсэн цэнхэр өнгөтэй хүүхдийн толгой байна. Энэ нь “Бурхны хүү” цуврал бүтээлүүдийг санагдуулах бөгөөд зураачийн дотоод “би”-г хамгийн тод үнэнээр таниулна.




Дараагийн онцлох бүтээл бол “Амьдралын далай” нэрт зураг. Тийм ээ, энэ бол зүгээр нэг далай бус амьдралын далай. Нэг талаар зурагт далайн давалгаа хөөсөрч харагдах мэт боловч нөгөө талаар нэвсийн буусан хөглөгөр их манан дундаас уулсын цавчим хүйтэн оргилууд цухалзах шиг мэдрэмж төрүүлнэ. Дээгүүр нь шагласан нарийхан зурааснууд бол хүмүүс бид тэрхүү нууцлаг далай руу цуварч унах шиг, басхүү буцаад ирж байх шиг болно. Тиймдээ ч эхлэл, төгсгөл нь тодорхойгүй зураас татаад орхисон нь ойлгомжтой. Магадгүй энэ амьдралын далайг үзэгч болгон өөрөөр тайлбарлах болов уу. Учир нь аливаа нэг зүйл хоёр хүний мэдрэмжинд яв цав адилхан өнгийг олж буудаггүй билээ. Нөгөөтэйгүүр “Амьдрал далай”-г удаан ширтээд зогсвол зүүдний юм шиг ертөнцөд хөл тавина. Энэхүү уран зөгнөлийн, зэрэгцээ ертөнцийн сэжүүрээс зүүгдэн байх мэт мэдрэмжийг төрүүлснээрээ тус бүтээл илүү амьдлаг, сүнслэг санагдаж эхэлнэ. Амьдралд бид ийм тодорхой бус зүүд совингийн ертөнцөөс нисэн ирчихээд буцан одохдоо ч тэрхүү нууцлаг далайд хөл тавьдаг байж болно шүү дээ. Ийм л мөнхийн холбоо пянз шиг ахин дахин эргэлдэж, төгсгөлгүй тойрогт хүмүүний оршихуй уяатай байдаг ч юм билүү. Энэ л бодлыг нэгээхэн бүтээлээр төрүүлж чадсан нь бурхны үг шиг л бодогдох бөгөөд Ж.Анунаран зураачийн концепц хэрхэн зөв суудлаа эзэлж чадсаныг нь “Амьдралын далай”-гаас авах мэдрэмж бүрэн дүүрэн илтгэнэ.


Бидний эсгийгээр хийх урлал буюу уламжлалтай хосолж, уран зөгнөлөөр баяжиж, негативт тусгалаа олсон ийм баян, утга нь бүрэн дүүрэн бүтэж бүрэлдсэн хосолмол шийдэл бүхий урлагийн туурвилуудыг уран бүтээлч болгоноос харахгүй. Магадгүй уран сэтгэлгээ, зөн билиг, ур чадвартай хослох боловч “онцгойрсон бүтээл” гэж юуг хэлэх вэ? гэх асуултанд хариулт олж мэдэх юм. Тэгээд ч энэ бүхэн уламжлалт соёлоос ид шид хайдаг, материаллаг зүйлгүйгээр уран бүтээлийг илбэдэж бүтээх гэж зууралддаг аахар, шаахар бодлуудаас тэс өөр жинхэнэ бодит ертөнцийн зүйл билээ.



Гэрэл зургийг | Н.Батбаяр

Холбоотой мэдээ