Цагаач ажилтан гэж хэн бэ?

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2021-12-18 08:51:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цагаач ажилтан ба тэдний гэр бүлийн гишүүдийн эрхийг хамгаалах тухай олон улсын конвенцыг 1990 оны 12 дугаар сард НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулган батлан гаргажээ. Энэ конвенц нь цагаач ажилтны эрхийг хүлээн зөвшөөрүүлэх, уг эрхийг хамгаалах, хүндэтгэн үзэх талаар тавьж буй хүчин чармайлтын түүхэн дэх шинэ хуудас болсон гэж үзэх юм. НҮБ-ын хүний эрхийн талаарх судалгаа, шинжээчдийн хурлаас гаргасан дүгнэлт, зөвлөмж болон НҮБ-ын эрхлэх байгууллагуудаас цагаач ажилтны эрхийн асуудлаар хийсэн хэлэлцүүлэг, баталсан тогтоол зэрэгт үндэслэн боловсруулсан конвенц  тул заавал биелэгдэх шинжтэй  олон улсын цогц гэрээ гэж тодорхойлсон байна. Конвенцод гарын үсэг зурсан буюу нэгдэн орсон улсуудын засгийн газар шаардлагатай арга хэмжээг авах замаар түүний заалтуудыг хэрэгжүүлэх үүрэг хүлээжээ. Мөн эрх нь зөрчигдсөн цагаач ажилтанд шүүхэд хандаж эрхээ хамгаалуулах нөхцөлийг бүрдүүлэх учиртай.


Цагаач ажилтан гэдэг нь гадаад улс оронд цалин хөлстэй ажил эрхлэх гэж байгаа буюу одоо эрхэлж байгаа, эсвэл тийм ажил хийж байсан хүнийг хэлнэ гэж тодорхойлсон байна. Цагаач ажилтан нь тухайн үед гарч ирсэн шинэ ойлголт биш. Харин хүн хөдөлмөр эрхэлснийхээ төлөө цалин хөлс авах болсон тэр цагаас эхлэн ажил хайн эх орноо орхин  явах болсон байх юм. Харин одоо цагаач ажилтан  олон болсонд байгаа гэнэ.   Дэлхий дээр цагаач ажилтангүй нэг ч тив, нэг ч бүс нутаг байхгүй болжээ.


Гэр бүлээ хангалттай тэжээж чадахуйц цалин хөлстэй ажил хайж хүмүүс нэг улсаас нөгөө улс руу явах болдог. Энэ нь ядуу орноос баян орон руу цагаачлан очигчдын гол шинж чанар болжээ. Гадаад улс оронруу цагаачлах өөр шалтгаанууд ч хүмүүст бас бий. Дайн, иргэний мөргөлдөөн, арьс өнгө, үндэс угсаа, шашин шүтлэг, хэл яриа болон улс төрийн үзэл бодлоосоо болж аюулд өртөх буюу мөрдөж мөшгигдөх зэрэг нь цагаач ажилтны тоог нэмэх гол хүчин зүйл болжээ. Зарим улс өөрийн иргэдийг гадаадад ажиллуулахыг дэмждэг. Мөн зарим нь  гадаадын ажилтныг олноор нь авч ажиллуулдаг байх нь хэвийн үзэгдэл болжээ.  


Монгол улс нь өөрийн иргэдийг гадаадад ажиллуулахыг дэмждэг улсад багтна. Ингэхдээ БНСУ, АНУ, Япон, Тайваньд ажиллах хүч гаргадаг. Монгол улсаас БНСУ ажиллаж амьдардаг иргэдийн дунд хийсэн судалгаа байх юм. Судалгаанд оролцсон нийт хүмүүсийн 88.3 хувьд нь харилцааны бэрхшээл, 71.3 хувьд нь мэдээллийн дутмаг байдал, 75.1 хувьд нь цалингаа авах хүртлээ санхүүгийн хүндрэлтэй тулгардаг.  Мөн 64.6 хувь нь сэтгэл санааны багагүй дарамтанд ордог. Тухайн орны  хоол унд 50.9 хувьд нь тохирохгүй, цаг агаарт нь дасахгүй байх, орон байрны асуудал 34.2 хувьд нь тулгарсан  гэсэн дүн гарч байсан байна. БНСУ-д ажиллаж буй манай  иргэдийн хүний эрхийн талаарх мэдлэг ойлголт хангалтгүй, судалгаанд оролцогчдын дөнгөж 4.8 хувь нь БНСУ-ын хөдөлмөрийн хууль, 7.0 хувь нь ажил олгогчтой байгуулсан гэрээний агуулгыг мэдэж байсан байх юм. 


Цагаачдыг тодорхой төрлийн ажлыг албадан хийлгэх буюу тусгай бүс нутагт албадан байлгах, түүнчлэн ижил төрлийн ажилд тэгш бус цалин хөлс, зэрэглэл тогтоосон хууль зүйн болон захиргааны журмын талаар жишээ баримт байсаар байна. Хөдөлмөрийн нөхцөлтэй холбоотой журамд цагаач ажилтныг хамруулахгүй, тэднийг Үйлдвэрчний Эвлэлийн үйл ажиллагаанд оролцох эрхийг нь зөрчих тохиолдол болно.


Хүмүүс гэрээгээр буюу албан ёсны тохиролцооны дагуу цагаачлан ажиллах боломжтой. Хүн ямар хөдөлмөр эрхлэж байгаагаас  хамаарахгүйгээр очих гэж буй орныхоо хэл, соёл, эрх зүйн болон нийгэм, эдийн засгийн тогтолцооны талаар наад захын ойлголтыг олж авсан байх шаардлагатай болсон гэнэ. Мөн тэнд очоод авах цалин хөлс, ажлын болон амьдралын ерөнхий нөхцөл байдлын талаар урьдчилан мэдсэн байх учиртай.


Бүх цагаач ажилтан, тэдний гэр бүлийн гишүүдийн эрхийг хамгаалах тухай олон улсын Конвенцын 33 дугаар зүйлд заасан ёсоор оролцогч улсууд энэхүү конвенцоор олгогдсон эрх болон хүлээн авагч улсад дагаж мөрддөг захиргааны болон бусад дүрэм журмын талаарх мэдээллийг цагаач ажилтан ба тэдний гэр бүлийн гишүүдэд хүсэлтийнх нь дагуу үнэ төлбөргүйгээр, хэрэв боломжтой бол тэдний ойлгодог хэлээр өгөх талаар холбогдох арга хэмжээг авахыг дээрх конвенцоор үүрэг болгосон байна. Түүнчлэн цагаач ажилтан болон тэдний гэр бүлийн гишүүд “хүлээн авагч улс руу явахаас өмнө”  нэвтрэхэд шаардагдах бүхий л нөхцөл шаардлага болон “хүлээн авагч улсад биелүүлэх ёстой шаардлагууд ба тэдгээр шаардлага өөрчлөгдсөн үед хандах ёстой байгууллагын талаар” мэдээлэл авах эрхтэй хэмээн Конвенцийн 37 дугаар зүйлд заасан байна.


Ер нь цагаачдыг нэмэлт ажлын хүч гэж үзэх түгээмэл ойлголт дэлхий нийтэд тархсан. Иймээс тухайн улсын иргэдийн сонирхлыг бага татдаг ажлыг тэдэнд өгөх явдал гардаг байх юм. Цагаач ажилтныг хууль бусаар элсүүлж, тээвэрлэж, ажиллуулж байгаа нөхцөлд хүний эрх зөрчигдөх аюултай. Хөгжиж буй олон  оронд нийтийг хамарсан ядуурал, ажилгүйдэл, ажлын байрны хомсдол зэрэг нь ашиг хонжоо хайсан ажил олгогчид, хувь зуучлагчдад аятайхан хөрс болдог сул талтай. Ер нь цагаачдыг нууцаар улсаас нөгөөрүү гаргах нь гэмт хэрэгт тооцох жишээтэй. 


НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2000 оны 12 дугаар сарын 4-нд  Олон улсын цагаачдын өдрийг бий болгожээ. Түүнээс хойш  жил бүрийн 12 дугаар сарын 18-нд энэ өдрийг тэмдэглэх болсон байна.

Холбоотой мэдээ