11 дүгээр сарын хамгийн дулаан ба хамгийн хүйтэн цэг

Монголын мэдээ | Тойм
erdenebat@montsame.mn
2021-12-28 14:59:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Агаарын температур 2021 оны 11 дүгээр сард Өмнөговь аймгийн Манлай суманд +18.00 хэм дулаан байсан” гэж Үндэсний статистикийн хороо (ҮСХ) мэдээлжээ. Энэ үзэгдэл нь тухайн сарын хамгийн дулаан цэг нь. Тэгвэл Баян-Өлгий аймгийн Сагсай суманд -34 хэм  хүрсэн нь хамгийн  хүйтэн цэг болон тэмдэглэсэн байх юм.


Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээгээр 2021 оны 11 дүгээр сард орсон хамгийн их хур тунадасны нийлбэр Увс аймгийн Малчин суманд 15.2 мм-т хүрсэн гэнэ. Ховд аймгийн Зэрэг суманд салхины хурд 33 м/с-д  хүрсэн нь хамгийн өндөр хурдтай хүчтэйд тооцогджээ.


Улаанбаатар хотын агаар дахь хүхэрлэг хийн 2021 оны 11 дүгээр сарын агууламжийг тодорхойлжээ. Энэ сард Мишээл экспо төв, Богд хааны ордон музей, Хархорин зах, 13-р хороолол, Ургах наран хороолол, 32-ын тойрог, Хайлааст, Нисэх, 248-р цэцэрлэг, Зурагт, 1 дүгээр хороолол, Амгалан орчимд 0.054мг/м3 -0.419 мг/м3 -д хүрч, агаарын чанарын хүлцэх агууламжаас 0.004 мг/м3 - 0.369 мг/м3 -ээр давсан  байх юм.

  

Азотын давхар ислийн 2021 оны 11 дүгээр сарын хамгийн их агууламж Хайлааст, Ургах наран хороолол, Нисэх, Богд хааны ордон музей, 248-р цэцэрлэг, Амгалан, 13 дугаар хороолол, 1 дүгээр хороолол, Баруун дөрвөн зам, Хархорин зах орчимд 0.057 мг/м3 -0.181 мг/м3 -д хүрчээ. Мөн агаарын чанарын стандарт хүлцэх агууламжаас 0.007 мг/м3 -0.131 мг/м3 - ээр давсан гэж тэмдэглэгджээ.


Харин РМ 10 тоосонцрын 2021 оны 11 дүгээр сарын хамгийн их Богд хааны ордон музей, Зурагт, 24 дүгээр цэцэрлэг, 13 дугаар хороолол, Толгойт, 32-ын тойрог, Баруун дөрвөн зам, Ургах наран хороолол, 1 дүгээр хороолол, Хайлааст, Нисэх, Хархорин зах, Баянхошуу орчимд 0.106 мг/м3 – 0.414 мг/м3 -д хүрч, агаарын чанарын стандартаас 0.006 мг/м3 – 0.314 мг/м3 -ээр давсан байна


2021 оны 11 дүгээр сарын Улаанбаатар хотын агаар дахь хүхэрлэг хийн дундаж агууламжийг 2020 оны мөн үетэй харьцуулахад 0.016 мг/м3 (20.2%)-ээр их гарчээ. Мөн азотын давхар ислийн дундаж агууламж 2020 оны мөн үеэс 0.018 мг/м3 (48.8%)-ээр, PM 10 тоосонцрын дундаж агууламж 2020 оны мөн үеэс 0.033 мг/м3 (33.9%)-ээр, РМ 2.5 тоосонцрын дундаж агууламж 2020 оны мөн үеэс 0.015 мг/м3 (30.3%)-аар тус тус их гарчээ.


Аюулт үзэгдэл, осол 2021 оны эхний 11 сард 3640 тэмдэглэгджээ. Энэ тоон үзүүлэлтийг 2020 оны мөн үетэй харьцуулбал 209 буюу 5.4 хувиар буурсан байна. Газар хөдлөлт 2021 оны эхний 11 сард 269 удаа бүртгэгдсэн байна.  Гэнтийн осол, аюулт үзэгдлийн улмаас 2021 оны эхний 11 сард 301 хүн амь насаа алдажээ. 2021 оны эхний 11 сард аюулт үзэгдэл, ослын улмаас 22.5 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Хохирол тогтоох, эргэж хэвийн амьдралд нь оруулах үйл ажиллагаанд   1.2 тэрбум төгрөг зарцуулжээ.


Агаарын бохирдол

Агаар мандалд нэг болон хэд хэдэн химийн бодис дагнасан буюу хавсарсан байдлаар хүн, амьтан, ургамлын аймгийн амьдрал, ахуйн нөхцөл, үйл ажиллагаанд сөрөг нөлөөлөл үзүүлж, стандартаар тогтоосон хүлцэх хэм хэмжээнээс давсан агаар дахь бохирдуулах бодис тодорхой хугацаагаар байхыг ойлгоно.


Аюулт үзэгдэл

Хүчтэй цасан болон шороон шуурга, ган, зуд, үер, газар хөдлөлт, цөлжилт болох, гал түймэр, хүн, мал, амьтны болон ургамлын гоц халдварт өвчин гарах, хортон мэрэгчид тархах зэргийг ойлгоно.


Гамшиг

Аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол, алан хядах ажиллагаа, дэлбэрэлтийн улмаас олон хүний эрүүл мэнд, амь нас хохирох, мал, амьтан олноор хорогдох, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд улс, орон нутгийн дотоод нөөц боломжоос давсан хохирол учрахыг ойлгоно.


Зөвшөөрөгдөх түвшин

Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх агаар дахь физикийн бохирдуулагчийн зөвшөөрөгдөх түвшинг ойлгоно.


Хүлцэх агууламж

Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх агаар дахь химийн бохирдуулагчийн зөвшөөрөгдөх хэмжээг ойлгоно. Цаг агаарын үзэгдэл тус бүрд  дээрх байдлаар тодорхойлолт хийсэн байх юм.

Холбоотой мэдээ