Дундговь аймаг Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон гардлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ
Otgontuya@montsame.mn
2016-07-17 14:36:46

Өнөөдрөөс эхлэн Дундговь аймгийнхан Төрийн дээд Хөдөлмөрийн гавъяаны Улаан тугийн одонтой ард түмэн боллоо. 1973 онд мал сүргээ таван төрөл дээр нь өсгөн хөдөлмөрлөсөн амжилтаар Өндөршил сумынхан Алтан гадас одонгоор шагнуулж байсан бол 43 жилийн дараа аймаг нийтээрээ ийнхүү Төрийн дээд одон гардан авав.

Шагнал гардуулах ёслол Мандалговь хотын төв талбайд билэгт сайн морин цагт болсон юм. Ёслолын үйл ажиллагааг нээж аймгийн ИТХ- ын дарга С. Буджав хэлсэн үгэндээ, “Дундговь аймгийн ард иргэдийн 75 жилийн хөдөлмөр бүтээлийг төр үнэллээ. Дундговь аймаг гал голомтоо асаасан үеэс энэ л нутгийн газар шороон дээр аж төрж, хөлс хүчээ аймгийнхаа хөгжил цэцэглэлтэд шингээж явсан ахмад үеийнхэн, Жанжин Мижидээс эхлээд Дундговь аймгийг үе үедээ удирдан жолоодож явсан дарга нар, Дундговь нутгийнхнаа төлөөлөн Монгол төрийг түшилцэж явсан төр нийгмийн зүтгэлтнүүд, УИХ- ын гишүүд, 15 сумыг удирдаж явсан үе үеийн удирдлагууд, төрийн албыг тасралтгүйгээр залгамжлан хөдөлмөрлөж байгаа бүхий л үеийн төрийн албан хаагчид, Дундговь нутгаар овоглодог нийт ард түмэндээ энэ түүхэн өдрийн халуун мэндийг хүргэе гээд Хөдөлмөрийн гавъяаны Улаан тугийн одон бол Дундговийн хөгжлийг түлхэх хүч болно гэдэгт итгэж байна хэмээн онцоллоо.  

Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б. Тогтохбуян гардуулахаар хүрэлцэн ирсэн байна. Тэрээр Ерөнхийлөгч Ц. Элбэгдоржийн зарлигийг уншиж танилцуулсан юм. Зарлигт, “Үндэсний соёл, уламжлалыг хадгалан хамгаалах, өвлөн уламжлахад манлайлал үзүүлж, мал аж ахуй, аялал жуулчлалын салбарт шинэ санаачлага гарган ажиллаж Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулан бүтээлч нийгэм цогцлоохын төлөө мэргэжил, авъяас билгээ зориулан хөдөлмөрлөсөн Дундговь аймгийн ард иргэдийн хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж Хөдөлмөрийн гавъяаны Улаан тугийн одонгоор шагнав” гэжээ.

Зарлиг дуудсаны дараа Дундговь аймгийн тугийг Төрийн далбааны хамтаар хүндэтгэн залж, Төрийн одонг зүүсэн юм. Энэ үеэр тусгайлсан чиг үүрэг бүхий бие бүрэлдэхүүн, цэргийн үлээвэр найрал хөгжим бүхий ёслолын жагсаалаар хүндэтгэл үзүүллээ.

Т. Отгонтуяа

 

Холбоотой мэдээ