БНСУ болон Монгол Улс чөлөөт худалдааны гэрээ байгуулах асуудлыг судлахаар тохиролцлоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2016-07-17 15:32:29

УЛААНБААТАР. /Yonhap/. Өмнөд Солонгос болон Монгол хоёр чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах асуудлыг судалж үзэхээр өнөөдөр тохиролцлоо гэж Хөх ордон мэдэгдлээ.

Ерөнхийлөгч Пак Гын Хэ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой Дээд хэмжээний уулзалт хийх үеэрээ ийм тохиролцоонд хүрчээ. Бямба гарагт өндөрлөсөн АСЕМ-ын Дээд түвшний уулзалтад оролцсон Ерөнхийлөгч Пакын Монголд хийх хоёр өдрийн албан ёсны айлчлал өнөөдөр эхэлсэн юм.

Дээд хэмжээний уулзалтын үеэр Монголд хэрэгжүүлэх 14 төсөл, тэдгээрийн дотор хотын хөгжлийн схем, цахилгаан станц барих, төмөр зам тавих, цахилгаан дамжуулах сүлжээг өргөтгөх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд Өмнөд Солонгосын тал оролцох боломжийг судлахаар тохиролцжээ.

Эдгээр төслийг хэрэгжүүлэхэд нийтдээ 4.49 тэрбум доллар шаардлагатай байгаа юм.

Энэ төслүүдийг хэрэгжүүлэхэд Өмнөд Солонгосын оролцоог дэмжихийн тулд талууд харилцан ойлголцлын 20 санамж бичигт гарын үсэг зурлаа.

Хоёр талын хооронд "Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр"-ийг /ЭЗТХ/ байгуулахын тулд талууд энэ оны сүүлчээс хэтрэлгүйгээр хамтарсан судалгаа хийж эхлэхээр тохиролцсон байна. ЭЗТХ бол чөлөөт худалдааны гэрээтэй адил бөгөөд аж үйлдвэр болон хөрөнгө оруулалтын салбарыг онцолдог гэж Сөүлийн албаны хүмүүс тайлбарлалаа.

Орос, Хятад гэсэн хоёр том гүрнээс эдийн засгийн хувьд ихээхэн хамааралтай байдлыг багасгахын тулд Монгол Улс “гурав дахь хөрш”-ийн бодлого хэрэгжүүлж байгаа юм. Энэ бодлогын хүрээнд Монгол Улс сүүлийн жилүүдэд Өмнөд Солонгос, Япон болон АНУ-тай харилцаагаа бэхжүүлсээр байгаа билээ. Улаанбаатар Токиотой 2015 оны хоёрдугаар сард анхны ЭЗТХ-т гарын үсэг зурсан бөгөөд энэ хэлэлцээр өнгөрсөн сараас хэрэгжиж эхэлсэн.

Япон болон Монголын хооронд ЭЗТХ байгуулахад бараг зургаан жилийн хугацаа орсон. Тус хоёр улс ЭЗТХ байгуулахын тулд  2010 оноос судалгаа явуулж эхэлсэн юм. Харин Улаанбаатар болон Сөүлийн хооронд ийм хэлэлцээрийг эцэслэн байгуулахад үүнээс бага хугацаа орно гэж Сөүлийн албаны хүмүүс үзэж байна.

ЭЗТХ байгуулбал сүүлийн жилүүдэд буурч буй хоёр талын худалдааны эргэлтийг нэмэгдүүлнэ хэмээн талууд найдаж байна. 2011 онд 411 сая доллароор хэмжигдэж байсан хоёр талын худалдааны эргэлт Монголын эдийн засгийн өсөлт саарсантай холбоотойгоор өнгөрсөн онд 292 сая доллар болж буурчээ.

Ерөнхийлөгч Пакыг Өмнөд Солонгосын жижиг болон дунд бизнес эрхлэгчдээс бүрдсэн 109 компанийн бизнесийн төлөөлөл дагалдан явж байна.

Хоёр талын гарын үсэг зурсан бусад харилцан ойлголцлын санамж бичгүүд нь хөрөнгө оруулалт, сэргээгдэх эрчим хүч, теле-анагаах ухаан, соёл, хөдөө аж ахуй, нийгмийн халамж, эрүүл мэндийн даатгал, цахим удирдлага, эрдэс баялгийн олборлолт болон бусад салбарт хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой юм.

Мөн өнөөдрийн Дээд хэмжээний уулзалтын үеэр хоёр улсын удирдагчид Умард Солонгосыг цөмийн зэвсэггүй болгоход чиглэсэн байр сууринд тулгуурлан Солонгосын хойгт тогтвортой байдлыг хангахын тулд хамтран ажиллахаар тохиролцсон байна.

Г.Доржханд

Холбоотой мэдээ