Б.Сэмжээн: Эм зүйч хүн худалдагчийн хэмжээнд бус, мэргэжлийн түвшинд ажиллах хэрэгтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-12-28 17:27:02

Увс /МОНЦАМЭ/. “Увс эм хангамж” ХХК-ийн Эмийн сангийн эрхлэгч Баярхүүгийн Сэмжээнтэй цөөн хором ярилцлаа. Тэрбээр сонгосон мэргэжилдээ эзэн болсон, салбарынхаа чадварлаг залуусын нэг юм.

-Хэдийнээс эм зүйчээр ажиллах болсон бэ?

-Би 2018 онд Эм зүйн шинжлэх ухааны их сургуулийг эм зүйч мэргэжлээр төгссөн. Улмаар “Увс эм хангамж” ХХК-д эм зүйч, жор баригчаар ажиллаж байгаад Эмийн сангийн эрхлэгчээр томилогдон ажиллаж байна. Энэ байгууллагадаа 4 дэх жилдээ ажиллаж байна. Эмийн сангийн өдөр тутмын ажил, хяналт, шалгалт гээд бүхий л үйл ажиллагааг хариуцдаг. Мөн “Увс эм холбоо” Төрийн бус байгууллагын нарийн бичгийн даргын үүргийг гүйцэтгэдэг. Манай төрийн бус байгууллага аймгийн хэмжээний эм зүйч, эм найруулагч нарыг нэгтгэсэн байгууллага. Ихэвчлэн иргэд рүү чиглэсэн үйлчилгээ, сургалтаас гадна салбарын ажиллагсдыг чадавхжуулах тал дээр анхаардаг.

-Эм зүйч хүний ажлын гол үүрэг юу вэ?

-Эм зүйч хүн эмийн эмчилгээг дээд зэргийн үр дүнтэй байлгах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн мэргэжлийн үүрэг, хариуцлага хүлээсэн эмнэлгийн мэргэжилтэн юм. Зан чанар, ёс зүй сайтай болохоо тогтвортой хугацаанд харуулж чадвал нийгэмд биднийг ойлгох хүндлэл тэр хэмжээгээр нэмэгдэх байх. Миний хувьд эмч болохыг хүсдэг байлаа. Арван жилийн сургуулиа төгсөх үед эмч мэргэжлийн хуваарь олдоогүй. Тэр үед азаар эм зүйн ангийг сонгосондоо одоо ч баярладаг. Эрэгтэй дүү маань бас эм зүйч мэргэжлээр суралцаж байна. Ер нь өөрийн хүрээллийн дүү нартаа мэргэжлээ сурталчлаад, энэ чиглэлээр суралцахыг санал болгодог. 

-Хийж буй ажлаасаа ямар мэдрэмжийг авдаг вэ?

-Эм гэдэг биологийн идэвхит бодис байхгүй бол хүн өвчнөө эдгээхэд хэцүү. Эмчийн оношлоод бичиж өгсөн эмийг өөрийн хэмжээнд заавар, зөвлөмжийг нь төгс өгөхийг хичээнэ. Өдөр бүр ядраад, өвдөж байгаа хүмүүсийг  хэрэгцээт эмээр хангах, байхгүй бол хайгаад олоод өгөхдөө сэтгэлийн тайтгарлыг мэдэрдэг. Хүнд өвчтэй хүн орж ирэхэд хэрэгтэй эмийг нь олоод өгчихвөл маш их баярлана. Энэ ажлаасаа хамгийн сайхан мэдрэмжийг олж аваад эрч хүчтэй амьдардаг. Аливаа эмийг иргэдэд ойлгомжтой байдлаар тайлбарлаад, зохистой хэрэглэх талаар давхар зөвлөх нь эм зүйч хүний ажлын бас нэгэн чухал үүрэг юм.

-Анх ажилд орох үед шантарч байв уу?

-Анх ажилд орох үед мэдэхгүй зүйл их гардаг байлаа. Тэр үед “Эм судлал” номыг тогтмол уншина. Миний мэдэхгүй эмийн жор байвал үйлчлүүлж буй иргэнээс гуйгаад хэсэг хүлээлгэнэ. Тэр хугацаанд интернэт, эсвэл номоо сөхөөд гялс мэдмэгцээ тайлбарлана. Ер нь их шударга байсан гэж болно. Оюутны ширээнээс олон хүнтэй харьцдаг ажил хийх үед тайзан дээр гарчихсан юм шиг сандрах мэдрэмж төрж байсан. Нэг удаа эмийн сангийн эрхлэгч маань эм тайлбарлаж байгааг минь харснаа “Өөртөө итгэлтэй ярих юм аа” гэж билээ. Огт санаанаас гардаггүй юм. Хүн ер нь ажилдаа сэтгэл гаргана гэдэг бол мэргэжилдээ хайртай гэсэн үг. Эм зүйч мэргэжилдээ хайртай болохоор өдөр бүр өвдсөн хүмүүсийг ойлгоод хэрэгцээтэй эм, био бэлдмэлээр хангаж, зогсохдоо ядрах, бэрхшээх бодол огт төрдөггүй.

-Хамт олныхоо талаар ярихгүй юу?

-“Увс эм хангамж” ХХК нь чанартай, өндөр үр дүн бүхий эм, эмийн бүтээгдэхүүнийг эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага болон иргэдэд хурдан шуурхай, найдвартай хүргэн ажилладаг. Өдгөө 10 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Бид аливаа ажил, үйлчилгээг иргэдэд хүргэхийн төлөө хамт олноороо нэгдэж ажилладаг. Залуу хүний хувьд аймагтаа үйл ажиллагаа явуулж буй эмийн томоохон компаниудын нэгэн эд эс болж байгаагаараа бахархаж, илүү хичээж ажиллахыг эрмэлздэг.

-Залуу хүний хувьд юу хүсэж мөрөөддөг вэ?

Цаашид эм зүйн ухааны магистрт суралцахаар төлөвлөөд байна. Одоо ажлынхаа хажуугаар өөрийгөө хөгжүүлэх, чадавхжуулах мэргэжлийн сургалтад сууж байна. Ер нь иргэдэд үнэлэгдсэн шилдэг эмзүйч болохыг хүсдэг. Чөлөөт цагаараа ном уншиж, подкаст сонсдог. Сонссон подкастаа маргааш нь ажлынхандаа ярьж өгөх дуртай.

-Эм зүйч нартаа хандаж юу хэлэх вэ?

-Эм зүйн салбарт мөр зэрэгцэн ажиллаж байгаа хэн бүхэн мэргэжлийнхээ үнэ цэн, чадамжийг өндөрт өргөж явахыг хүсэх байна. Мөн ажлын чиг үүргийн хувьд худалдагчийн хэмжээнд бус,  мэргэжлийн түвшинд ажиллах нь чухал. Мөн эм нэг бүрийг танилцуулах чадвартай, эерэг хандлага, харилцаатай байхыг уриалж байна.

-Ярилцсанд баярлалаа.

 

Холбоотой мэдээ