Жирэмсэн эх вакцинд хамрагдсанаар хүүхдэд дархлаа тогтдог

Дэлхийд | Эрүүл мэнд
nyamtulga@montsame.mn
2016-07-18 15:11:52

ВАШИНГТОН. /VOA/. Таны булчин өвдөж, хамар битүүрч, орноосоо босохыг хүсэхгүй даарч байвал та ханиад туссан гэсэн үг.

Ийм тохиолдолд та хэдэн өдрийн турш гэртээ хэвтэхэд хүрдэг. Гэвч ихэнх хүмүүс ханиадны халдвар авахаас урьдчилан сэргийлж, вакцин хийлгэх боломжтой байдаг боловч дөнгөж төрсөн хүүхдүүдийн хувьд ийм хамгаалалт авах боломжгүй байдаг.

Ханиад тусах эрсдэлтэй улиралд төрсөн хүүхдүүд эхний зургаан сарын хугацаанд ханиад тусах өндөр эрсдэлтэй байдаг. Хүн болгонд ханиадны вакцин хийлгэхийг зөвлөдөг, гэхдээ энэ нь дөнгөж төрсөн хүүхэдтэй ойр байдаг хүмүүст бүр ч илүү чухал асуудал юм.

Жирэмсэн эмэгтэйчүүд өөрсдийгөө хамгаалахын тулд вакцинд хамрагдах хэрэгтэй гэж эмч нар зөвлөдөг. Эмэгтэй хүний амьдралын хүндхэн даваануудын нэг нь жирэмсний үе боловч үүний хажуугаар ханиад хүрэх нь бүр ч хэцүү байх бөгөөд магадгүй эмнэлэгт хэвтэх хэмжээний хүндрэлд орж болох юм.

Харин өнөө үед жирэмсэн эхийг вакцинаар хамгаалаад зогсохгүй ихсээр дамжуулан урагт дархлаа тогтоож, хүүхдийг төрснөөс нь хойших хоёр сарын хугацаанд ханиаднаас хамгаалах талаар судалгааг хийжээ.

ӨАБНУ-ын Йоханнесбург хотын Витватерсрандын их сургуулийн судалгааны эрдэмтэн Марта Нунес вакцинаар урьдчилан сэргийлэх боломжтой өвчнөөс дөнгөж төрсөн хүүхдүүдийг хамгаалах асуудалд гол анхаарлаа хандуулан ажилласан байна. Зургаан сар хүрээгүй хүүхдэд ханиадны вакцин хийж болдоггүй учир тэднийг хамгаалах өөр арга замыг тэрбээр хайсаар иржээ.

Ингээд тэрбээр ханиадны вакцин тариулсан болон тайвшруулах эм хэрэглэсэн эмэгтэйчүүдийн цусан дахь эсрэг биетүүдийн тоог судалсан байна. Дараа нь тэднийг төрснөөс хойших зургаан сарын хугацаанд ажиглаж, хүүхэд болон эхийн цусан дахь эсрэг биетийн тоог харьцуулж гаргажээ.

Судалгааны дүнд вакцинд хамрагдсан эмэгтэйчүүдийн хүүхэд төрснөөс хойших хоёр сарын хугацаанд маш өндөр дархлаатай байсныг тогтоосон байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ