Цас их орсон жилүүдэд 1 дүгээр сард мал өвөлжилт хүндэрч байжээ

Монголын мэдээ | Тойм
erdenebat@montsame.mn
2022-01-03 12:42:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цаг уурын байгууллагаас 2022 оны 1 дүгээр  сарын цаг агаарын урьдчилсан тойм мэдээллийг гаргажээ. Дэлхийн цаг агаарын байгууллагаас олон жилийн дундаж (ОЖД) гэдэгт 1981-2010 оныг багтаасан байна.


Завхан, Хөвсгөл аймгийн ихэнх нутаг, Увс, Баянхонгорын хойд хэсгээр нэгдүгээр сарын агаарын температур, уур амьсгалын дундаж -24..-32 хэм хүйтэн. Өмнөговийн нутаг, Говь–Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговь аймгийн өмнөд хэсэг болон Цэцэрлэг, Арвайхээр орчмоор -10..-16 хэм, бусад нутгаар -17..-23 хэм байдаг аж.


Харин 1981, 1984, 2000, 2005, 2008, 2010, 2011, 2016, 2018 онуудад ихэнх нутгаар, 1990, 2001 онд нутгийн зүүн хагаст, 2016 онд нутгийн хойд хэсгээр уур амьсгал дунджаас 1–10 хэмээр  хүйтэрч, шөнийн үнэмлэхүй бага температур Увс, Хөвсгөл, Завханы хойд хэсгээр 47–55 хэм, бусад нутгаар 38–44 хэм хүрч хүйтэржээ. Мөн  1982, 1985, 1986, 1989, 1992, 1994, 1999, 2002, 2006, 2007, 2015, 2019, 2020 онуудад ихэнх нутгаар уур амьсгал дунджаас 1–7 хэмээр дулаан, өдөртөө Увс, Завхан, Баянхонгорын хойд хэсгээр 9–14 хэм хүйтэн, Алтайн өвөр говь, говийн нутгийн өмнөд хэсэг болон Архангай, Өвөрхангайн өмнөд хэсгээр 3–8 хэм дулаан, бусад нутгаар 1 хэм хүйтнээс 5 хэм хүрч дулаарч байжээ. 


Увс, Завханы хойд, Сэлэнгийн баруун, Ховдын баруун өмнөд хэсгээр 3–4 мм, бусад нутгаар 0–3 мм ОЖД–аар цас ордогУур амьсгал дунджаар говийн нутгаар 1–4 см, баруун ба төвийн нутгийн хойд хэсгээр 10–15 см, бусад нутгаар 4–9 см зузаан цас тогтдог. Гэвч цас их орсон жилүүдэд цасны дундаж зузаан 40–60 см–т хүрч мал өвөлжилтийн байдал онцгой хүндэрч байжээ 


Гэвч 1980, 1982, 1993, 1995, 1999, 2006 онуудад ихэнх нутгаар, 1984, 1992, 2009 онуудад нутгийн баруун хагаст, 2019, 2020 онуудад ихэнх нутгаар тун бага цас оржээ. Тэгвэл  1987, 2002 онд төв, говь, зүүн зүгийн нутгаар, 1990 онд говь, зүүн зүгийн нутгаар, 2001, 2003, 2005, 2007 онд баруун, төв, зүүн зүгийн нутгаар, 2010, 2018 онд ихэнх нутгаар, 2011 онд баруун, төв, говийн нутгаар дунджаас 1–4 дахин их цас унасан байх жишээтэй.


Монгол Улсын нутаг дэвсгэрийг доорх дөрвөн бүсэд хувааж цаг агаарын  урьдчилсан мэдээг олон нийтэд хүргэдэг. Тэгвэл:

Баруун аймгуудад: (Баян- Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор)

Төвийн аймгуудад: (Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Төв)

Зүүн  аймгуудад: (Хэнтий, Дорнод, Сүхбаатар)

Говийн аймгуудад: (Говьсүмбэр, Дундговь, Дорноговь, Өмнөговь) гэж тайлбарлажээ. Цаг агаарын урьдчилсан мэдээ, мэдээллийн тулах цэг нь болдог энэ нэршил алхам тутамд хэрэглэгдэнэ.


Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–ийн орчим байна хур тунадас (цас) . Хангайн уулархаг нутаг болон Алтайн өвөр говиор ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн дунд үеэр агаарын температур өмнөх үеэсээ 3–5 хэмээр хүйтэрнэ. Нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар цас орох төлөвтэй. Салхи ихэнх хугацаанд 4–8 м/с, нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн өмнөд хэсгээр 12–14 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурна.

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар ОЖД–аас дулаан, хур тунадас ОЖД–аас бага орох төлөвтэй. Нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн дунд үеэр агаарын температур өмнөх үеэсээ 3–4°С–аар хүйтэрнэ.Нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар цас орох төлөвтэй байна.Салхи ихэнх хугацаанд 5–10 м/с байна.

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Сүхбаатарын ихэнх нутгаар ОЖД–ийн орчим, бусад нутгаар ОЖД–аас дулаан, хур тунадас Хэнтийн ихэнх нутгаар ОЖД–аас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн дунд үеэр агаарын температур өмнөх үеэсээ 3–4 хэмээр хүйтэрнэ.Нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар цас орох төлөвтэй .Салхи ихэнх хугацаанд 4–8 м/с, нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн өмнөд хэсгээр 12–14 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуургатай.

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар дунджийн орчим, хур тунадас Дундговийн хойд хэсгээр ОЖД–аас бага, Өмнөговийн баруун хэсгээр дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй. Нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн дунд үеэр агаарын температур өмнөх үеэсээ 3–4 хэм хүрч хүйтэрнэ. Нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар цас орох төлөвтэй байна. Салхи ихэнх хугацаанд 5–10 м/с, нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн өмнөд хэсгээр 12–14 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурна.


Цаг агаарын үзэгдлийг тухайн аймаг, бүс нутгийн 30 хувь нь хамрагдахаар байвал “зарим газраар” гэсэн нэршлийг хэрэглэнэ. Харин 70 хувь хүртэл хамрагдахаар байвал “ихэнх нутгаар”, түүнээс дээш хэмжээгээр хамрагдахаар байвал “нийт нутгаар” гэх утгаар ойлгох нь чухал юм байна.


Энэ сард агаарын дундаж температур нутгийн зүүн хойд хэсгээр ОЖД–аас дулаан (тодруулбал: Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар), бусад нутгаар ОЖД–ийн орчим байх төлөвтэй аж.


Хур тунадасны хувьд Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр, Өмнөговийн баруун хэсгээр ОЖД–аас ахиу, Архангай, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Төв аймаг, Хэнтийн ихэнх нутгаар ОЖД–аас бага, бусад нутгаар ОЖД–ийн орчим цас орох төлөвтэй байна.


Арав хоног болгоны дунд үеэр ихэнх нутгаар агаарын температур өмнөх үеэсээ 3–5°С–аар хүйтрэнэ. Салхи ихэнх хугацаанд 4–9 м/с, нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар 12–14 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй гэжээ.

Холбоотой мэдээ