АНУ-ын Батлан хамгаалахын сайд “COVID-19”-өөр халдварлажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2022-01-03 13:53:16

ВАШИНГТОН. /CBS/. АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин “COVID-19”-ийн шинжилгээний хариугаа эерэг гарсан талаараа ням гарагт мэдэгджээ.


Өдгөө 68 настай Л.Остин вакцинд бүрэн хамрагдаж, нэмэлт тунг тариулсан байсан бөгөөд “хөнгөн” шинж тэмдэг илэрч байгаа ажээ. Тэрбээр ирэх таван хоногт өөрийгөө тусгаарлаж, гол уулзалт, хэлэлцүүлгүүдэд цахимаар оролцохоор төлөвлөж байна.


Мөн Л.Остин АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай хамгийн сүүлд 12 дугаар сарын 21-нд биечлэн уулзсан гэдгээ онцлоод, тухайн өдрийнхөө өглөө өгсөн шинжилгээний хариугаа сөрөг гарсныг мэдээлсэн байна.


Батлан хамгаалахын сайдын мэдээлснээр, вакцинуудын хувьд сайн үйлчилж байгаа бөгөөд цэргийн алба хаагчдад вакцинд хамрагдах шаардлагыг үргэлжлүүлэн тавина. Үүний зэрэгцээ тэрбээр нэмэлт тунг тариулах боломжтой хүн бүрд вакцинд идэвхтэй хамрагдахыг уриалсан байна. 

Холбоотой мэдээ