Монголдоо "WIMELO" брэнд гээд танигдвал сайхан

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-01-06 18:20:45
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Биед эвтэйхэн, сэтгэлд таатай, чанартай, загварлаг бэлэн хувцас үйлдвэрлэлийн WIMELO урланг нээгээд удаагүй ч өнгөрсөн онд  Дундговийн шилдэг Start Up болж чаджээ.

Тус аймгийн хэмжээнд оёдлын үйлдвэрлэл эрхэлдэг олон бизнес байгаа боловч дийлэнх нь үндэсний хувцас урладаг. Харин WIMELO урлангийн хувьд үйл ажиллагаа нь ч, бүтээгдэхүүн нь ч, үйлчилгээ нь ч шинэлэг байж, хэрэглэгчдийнхээ сэтгэлд хүрсэн уян хатан загварлаг бүтээгдэхүүнээ урлаж байна.

Эрч хүч, хүсэл тэмүүллээр дүүрэн залуу охидуудыг урьж, тэдний шинэ бизнес, ирээдүйн зорилго, үйл ажиллагааных нь тухай ярилцлаа. З.Халиунгоо дизайнер мэргэжилтэй, О.Өлзийжаргал санхүү, эдийн засагч юм.

-Дундговьд бизнесийн шинэ загвар бий болгон, үйлдвэрлэлээ явуулж байгаа та хоёрт талархал дэвшүүлье. Бизнесийнхээ тухай танилцуулаач, хэзээнээс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бэ?

-Бид хоёр урлан дээрээ хоёулаа ажилладаг. Ер нь бол энэ бизнесийн санаа эртнээс төрж, бид хоёр байнга хоорондоо ярилцаад л яваад байдаг байсан. Тэгээд өнгөрсөн хавар 5 дугаар  сард санаагаа хэрэгжүүлье гээд эхэлсэн.

Гэтэл яг тэр үеэр аймгийн ХХҮГ-аас Start Up буюу Гарааны бизнесийг дэмжих хөтөлбөрт оролцох залуучуудыг урих үе таарсан. Тэгээд тэнд оролцоод шалгарч, 10,0 сая төгрөгийн тэтгэлэг авсан. Аймгаасаа шалгараад улсад өрсөлдөж, эхний 10-т шалгарч үлдсэн.

Бид хоёр туршилтын бүтээгдэхүүнээ гаргаж байгаад өнгөрсөн намар 10 дугаар сараас л үйл ажиллагаа маань жигдэрч байна. Сая шинэ жилээр гоёлын даашинз захиалгаар хийсэн. Хүмүүст их таалагдах шиг санагдсан.

Бид хоёрын хувьд давуу тал байгаа. Нэг нь бүтээгдэхүүнээ хөгжүүлээд, нөгөө нь бизнесээ хөгжүүлээд явахад бүрэн боломжтой.

-Танай бүтээгдэхүүний онцлог юу вэ? Дизайн нь нэлээд шинэлэг санагдсан шүү.

-Материалын хувьд цэвэр даавуу, чанартай. Загварын хувьд уян хатан. Гоёлын даашинз байлаа гэхэд түүнийгээ дараа нь энгийн үед ч өмсөж болохоор, юбка, өмд, куртка, майк гээд бүхий л хувцсаа таргалсан үедээ ч, турсан үедээ ч, жирэмсэн байхдаа ч, энгийн үедээ ч өмсөж болохоор тийм уян хатан хийдгээрээ онцлогтой.

Хүмүүс жирэмсэн үедээ нэг хувцас аваад, эргээд түүнийгээ өмсөлгүй орхидог. Зарим нь хог хаягдал болох жишээтэй. Тэгэхээр эдийн засгийн хувьд ч, байгаль орчинд ч ямар ч ээлгүй байгаа хэрэг. Шинэ жилээр нэг даашинз аваад, эргээд түүнийгээ хэрэглэдэггүй. Тийм болохоор энэ байдлыг л эерэгээр, ухаалгаар шийдэх гэж хичээж байгаа.

Жишээ нь курткийг бид өргөсгөөд өмсчихөд болохоор давхар цахилгаантай хийнэ. Таргалсан үедээ ч юм уу, жирэмсэн болсон үедээ сунгаж өмсчихөөд турсан үедээ нэмэлт оруулгыг нь аваад л өмсчихнө.

Дизайн талаасаа нэлээд ухаалаг шийдэлтэй гэж болно шүү.

-Та хоёрын бизнесийн зорилго юу вэ? Залуу хүмүүс болохоор маш том мөрөөдөлтэй, зорилготой байгаа байх.

-Ер нь бол манай аймагт хувцасны сонголт тааруу санагддаг. Хүмүүс, ялангуяа залуучууд таалагдсан хувцсаа интернэтээр захиалж авдаг. Заримдаа тэр нь зураг шигээ байхгүй байх тохиолдол байдаг шүү дээ. Тиймээс брэндийг орлох бүтээгдэхүүнийг л аймагтаа бий болгох зорилготой.

Зах зээлд танигдаж, хэрэглэгчтэй болчихвол ирээдүйд Монгол Улсдаа WIMELO брэнд гээд танигдвал сайхан. Бид хоёр одоохондоо ажиллангаа суралцаж л байна. Бизнесээ эхэлсээр маш их зүйлд суралцаж байгаа.

-Хэргэлэгчдэд танигдаж, брэнд болохын тулд нэр, лого их үүрэг гүйцэтгэдэг. Урлангийнхаа нэр, логоны утгыг тайлбарлаач!

-Манай найзууд 10 жилд байхдаа with” гээд групп болж, түүгээрээ хамт олондоо танигдчихсан байдаг байсан. Тэгээд тэр нөхөрлөлөө дурсаад “WI”-г оруулсан. Ер нь манай бүтээгдэхүүний онцлог нь нэг тийм уян, ялдам байдал учраас “МЕLO” гэдэг үгийг сонгож, урлангаа  WIMELO гэж нэрлэсэн. Логоныхоо өнгийг ч гэсэн гоё ягаан өнгөөр илэрхийлсэн.

-Шинээр бизнес эхэлж байгаа болохоор ямар нэг бэрхшээл тулгамдсан уу?

-Санхүүгийн хувьд Start Up-аас хөрөнгө оруулалт авсан болохоор харьцангуй гайгүй. Бизнес эрхлэх мэдлэг, чадвар жаахан дутагдаж байгаа. Бүтээгдэхүүнийхээ өртгийг тооцох, ня-бо бүртгэл, маркетинг гэх мэтчилэн зарим зүйл дээр чадвар дутагддаг.

Тэрнээс гадна гар нийлээд ажиллах боломжийн чадвартай, сэтгэлтэй оёдолчинтой болчих гэхээр яг санаанд таарах хүн олдохгүй л байна. Энэ нэлээн том бэрхшээл болж байна. Одоогоор оёдолчидтойгоо гэрээ байгуулаад оёулаад л явж байгаа даа.

-Бүтээгдэхүүнээ хаагуур борлуулж, хэрэглэгчдэдээ хүрч байна вэ?

-Ихэвчлэн онлайнаар захиалга авч, хүргэлтээр өгч байна. Улаанбаатараас голдуу захиалга ирдэг, шуудангаар явуулдаг.

Фэйсбүүкээр бол WimeloBrand гэсэн хаягаар холбогдож болно. https://wimelohouse.com/ гэсэн сайт байгаа. Мөн 88075616 утсаар холбогдож болно.

-Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье. 

Холбоотой мэдээ