Сургууль бүрийг өөрийн гал тогоотой болгоход анхаарч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
khandmaa@montsame.gov.mn
2022-01-08 16:02:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуульд ерөнхий боловсролын сургууль түрээсийн гал тогоотой байхыг хориглосон. Гэтэл нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 70 гаруй хувь нь түрээсийн гал тогоотой байна.


Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаан дээр "Иргэдийн сурч боловсрох эрхийг хангах, хичээл, сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах арга хэмжээний талаар" мэдээлэл хийсэн юм. Мэдээлэлдээ тэрбээр, “2021 оны хичээлийн жилийн онцлог нь “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” болгосон. Үүнтэй холбогдуулан 1-5 дугаар ангийн 371 мянган хүүхдэд үдийн хоолоор үйлчилж эхэлсэн. Нэг хүүхдэд ногдох хоолны зардал 900 төгрөг байсныг Засгийн газраас 1500 төгрөг болгосон. Гэхдээ нэг хүндрэл нь, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 70 гаруй хувь нь түрээсийн гал тогоотой байна. 1500 төгрөгт тооцоо судалгаа хийж үзэхээр 800-900 төгрөг нь түрээслэгчдийн халаасанд орж байна” хэмээн дурджээ.


Нэгхэн жилийн дотор бүх сургуулийг гал тогоотой болгох боломжгүй тул энэ байдлыг үе шаттайгаар бууруулж, өөрийн гал тогоогүй сургуулиудыг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах асуудалд салбарын яам бодлогын арга хэмжээ авч ажиллаж байгааг мөн БШУ-ны сайд тодотгосон байна.


Мэдээллийн дэлгэрэнгүйг https://montsame.mn/mn/read/286286 -ээр орж танилцана уу.

Холбоотой мэдээ