“Домог амилсан нутаг” дуулалт жүжиг урлагийн сод бүтээл болох нь

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-01-11 12:35:05

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Хүн төрөлхтний бүтээсэн их урлагийн тоонд зайлшгүй багтдаг нэгэн төрөл бол жүжгийн зохиол бөгөөд түүний дотор дуулалт жүжиг онцгой байрыг эзэлдэг. Хэдийгээр драмын жүжгээс тооны хувьд цөөн тавигддаг ч, тасралтгүй бүтээж ирсэн дуулалт жүжиг нь өөрийн гэсэн өнгө төрх бүхий дуурийн болон драмын жүжгийн аль алиных нь шинжийг агуулсан өвөрмөц төрөл юм.

Энэ бүхнийг өгүүлэхийн учир “Домог амилсан нутаг” хэмээх нэгэн дуулалт жүжгийн талаар өөрийн санал дүгнэлтээ илэрхийлэх гэснийх билээ. Уг дуулалт жүжгийн зохиолыг МЗЭ-ийн шагналт зохиолч Ш.Сүрэнхор бичиж,дуулалт жүжгийн дууны аяыг,хөгжмийн зохиолч СТА Ш.Өлзийбаяр зохиож, зураачаар театрын зураач Г.Хашцэцэг ажиллаж, Дархан хотын “Залуучууд” театрын Уран сайхны удирдагч Г.Саранчимэг тус театрын тайзнаа найруулан тавьжээ. Жүжгийг 2021 оны аравдугаар сард тэмдэглэсэн Дархан хот байгуулсны 60 жилийн ойд зориулан бүтээж8 нээлтээ “Залуучууд” театрт ойн өдрүүдэд хийснийг нь үзэж сонирхсон юм.

Жүжгийн зохиолыг Дархан нутгийн газар, усны домгоос сэдэвлэн, дуулалт жүжгийн онцлогийг бүрэн илэрхийлж чадсан бүтээл болсон байна. Энэхүү бүтээл нь бүтэн нэг цаг хорин минут үргэлжилдэг таван үзэгдэлт дуулалт жүжиг бөгөөд зарим үзэгдэл нь хоёр хэсэгтэй аж. Жүжгийн үйл явдал: нэгэнт газар, усны домгоос сэдэвлэсэн учир Дархан хайрхан уул, Хараа гол хоёрыг хүнчлэн бүтээсэн эхний гурван үзэгдэлд нь Дархан хайрхан, Хараа бүсгүй хоёрын хайр дурлалыг халуун дотноор харуулж, төгсгөлд нь хамаг олны тусын тулд өөрсдийнхөө энэ насны амьдралыг мөнхийн амьдрал болгож, Дархан нэртэй залуу хархүү нутгийн ард олныг айлгаж түгшээсэн буг чөтгөрийг дарах Дархан хайрхан уул болж, харин хайрт Хараа бүсгүй нь Дархан залуудаа хайртайгаа баталж, эхийн цагаан сүү ивэлдэг ариун газар нутгаасаа рашаан булаг ундруулж, хүн зон, амьд амьтан ургамал, байгаль дэлхийгээ ундаалж тэтгэхээр хатуу шийдэж Хараа гол болон хувирч урсаж байгаагаар дүрсэлжээ. Энэ нь олон түмний төлөө хувийн жаргалаа үл огоорч бусдын сайн сайхны төлөө зориулж,байгаль эх дэлхийгээ шүтэн дээдэлж хайрлан хамгаалах сэдэл тэмүүллийг хойч үедээ өвлүүлж алдар нэрээ үргэлж дуудуулан мөнхөрч байгаа нь үлгэр дуурайлал болжээ.

Дөрөвдүгээр үзэгдэлд Дархан хотын бүтээн байгуулалтад оролцсон ардын цэргийн армийнхан, илгээлтийн эздийн ажил үйлсийг сонирхолтой хэлбэрээр харуулсан бол тавдугаар үзэгдэлд Дархан хотыг бүтээн босгоход гар бие оролцсон ах дүү зургаан орноо магтан дуулахдаа орон тус бүрийг хэрхэн яаж бодит тусыг үзүүлснийг түүхэн тоо баримтыг дуулалт жүжгийн хэлбэрт оруулж найруулан тавьсан байна. Уг бүтээлийг зөвхөн “Залуучууд” театрын жүжигчид оролцон тоглож гаднаас нэг ч уран бүтээлч аваагүй тус театрын 12 бүжигчин, есөн дуучин, арван жүжигчин нь нийт 150 гаруй дүрд үзэгдлээс үзэгдлийн хооронд хувирч дүрүүдийг бүтээсэн онцлогтой байна. Тухайн жүжиг аль ч төрөл зүйлийнх бай, тэр болгонд нь тайз засал чухал байдаг.

Жүжгийн зураачаар ажилласан театрын зураач Г.Хашцэцэг тайз заслаа хэрхэн шийдсэнийг одоо үзье. Энэхүү дуулалт жүжиг нь домгийн мөртөө байгаль дээр болж байгаа үзэгдэл юм. Жүжиг эхэлэхэд тайзны ерөнхий засалт нь хэдийгээр домгийн гэж байгаа ч үндэсний онцлогийг хадгалсан, хэв шинжийн хувьд хөнгөхөн, хийсвэр сэтгэлгээ бүхий загвар хийцтэйгээр сонголтоо хийсэн байна. Жүжгийн үйл явдлын дундуур тайзын гол хэсэгт нар, бас сар урган гарч бас шингэж байгаа нь хайр бөгөөд нараар Дархан хархүүг, сараар Хараа охиныг төлөөлүүлжээ. Энэ нь Дархан хүүгээр зориг, Хараа охиноор хайр сэтгэлийг бэлгэдэж харуулсан онцлог тод мэдрэгдэнэ.

Мөн жүжгийн өрнөлтийн үед “Чөтгөрийн хөндий”-н тайзны хоёр талд бүдэг цайвар өнгөөр дундаа нүх бүхий хийсвэрлэж зурсан хүний сүүжний ясны хоёр зураг аж. Энэ үе сайн ажиглаж мэдэрвэл тайзны голын арын хэсэгт сар улайссан бүрхэг орчин эзэмдэж байгаа нь хэн бүхний дотор сэтгэлд хүйт дааж чөтгөрийн хөндий гэж ийм байдаг байх даа гэсэн сэтгэгдэл төрүүлж жихүүдэс хутгана. Мөн жүжигчдийн өмссөн малгайн урагш харсан талыг сайн ажиглавал бас л үндэсний хэв маягийг хадгалсан шийдэл хийсэн нь үзэгдэнэ. Мэдээж энэ бүхэн дуулалт жүжгийн үйл явдалтай холбоотойгоор хийгдсэн нь илэрхий. Бас энэ бүх үйл хөдлөлийг тодотгосон хөгжмийн шийдлийг амгалан тайвнаас түгшүүрт орчинд шилжих, бүүдгэр шөнөөс гэгээн өдөрт гэнэт очих зэрэг энэ бүхнийг тайзны гэрэлтүүлгийн аргаар мэргэжлийн өндөр түвшинд зөв шийдэж үзэгчдийг түгшүүр болон баяр хөөртэй хослуулж догдлуулсан үзэгдлүүдээр элбэг байгаа нь олзуурхууштай.

Түүнчлэн тайзны өнцөгт буй хоёр ээмэг байх агаад хосууд салж нэг нь уул болж нөгөө нь гол болон урсахаар салах үед нэг ээмэг нь уусан алга болж байгаа нь хайртай хос салан одож байгааг харуулсан гэж ойлгогдож байна. Дуулалт жүжгийн амин сүнс нь дуу хөгжимдөө байдаг. Хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр энэхүү дуулалт жүжгийн хөгжимийг бичихдээ Монгол ардын хөгжмийн зэмсгүүд, морин хуур, шанз, ятга, лимбэ, ёочин, эвэр бүрээ, их хуур болон хөөмий, уртын дуу, орчин цагийн цахим дуугаралттай хослуулж үндэсний хэв шинжийг хадгалж шингээсэн аялгуут хөгжмийг бүтээжээ. Тэрээр дуулалт жүжгийн зарчмын дагуу эерэг болон сөрөг дүр болгонд өөрийн гэсэн оноосон аялга, хэмнэл зохиомжлон бичихдээ уянгалаг сайхан аялгуу төдийгүй орчин үеийн зохиомжийн олон аргыг хослуулан үзэгдэл тус бүрийн онцлогт яв цав таарсан өөр өөр байхаар шийдэж чадсан нь харагдана.

Монголын таван эгшигт пентатоник цомнолд тулгуурлаж эртний ахуй байдлыг илэрхийлэхдээ тэгш хэмт хэмнэлээс гадна сондгой хэмнэлийг өргөн ашигласан нь оновчтой болсон байна. Мөн хэрэгтэй үед ардын найрал хөгжим дангаараа хөгжимдөхөөр тооцож найруулгын хөгжмийн зэмсэгжүүлэлтийг хийжээ. Бас үзэгдлээс үзэгдлийн хооронд шилжих зайнд хөгжмийн дагалдах аялгуу бүрэн дүүргэлттэй сонсогдож ямар нэгэн хоосон зайгүй нь мэдрэгдэнэ. Ийм том хэмжээний бүтээлийн хөгжим эхлэхээс аваад дуусан дуустал нэг цаг хорин минутын туршид тус театрын үндэсний найрал хөгжим амьд биетээр тоглож Удирдаач П.Чинзориг тоглолтын туршид чадварлаг удирдаж чадсан нь бас нэгэн бахархал юм.

Одоо уг дуулалт жүжгийн гол дүрийг бүтээсэн жүжигчдийн талаар товчхон өгүүлье. Жүжгийн гол дүр Дархан хархүүгийн дүрийг тус театрын дуучин Д.Бибиш, Хараа бүсгүйн дүрийг мөн театрын дуучин Б.Отгонжаргал нар чадварлаг бүтээснийг онцлон тэмдэглэж байна. Тиймээс гол дүрүүдийн дуулсан хэсгээс хэсэгчлэн авч үзье: Гуравдугаар үзэгдэлд: Хараа бүсгүй:“Хэрвээ чи уул болж хамаг амьтныг амирлуулан жаргааж мөнхийн амьдралаар амьдрахаар шийдсэн бол би ч мөн гол болж эхийн цагаан сүү ивэлдэг ариун газраасаа рашаан ус ундрааж, амьд бүхнийг тэтгэн ундаалдаг ариун гол болон мөнхөд чамтайгаа амьдарна” гээд Хараа бүсгүйн дуулах нь:

 “...Урсах нулимсандаа өөрийгөө уусгаж

Урсгал дөлгөөн гол больё доо би

Хайртай чинийхээ үнэрийг шингээж

Хараа нэртэйгээ үүрд мөнхөрье дөө...”

 гэж дуулаад үерлэн долгиолох гол болон цэнхэр хувцастай бүжигчид гарч ирэн бүжиж тэдэн дунд уусан шингэнэ. Энэ үед Дархан хархүү нүдэндээ нулимстай Хараа голд гар нүүрээ угаах зуураа дуулах нь:

...Уйлж гунисан чинийхээ нулимсыг

Ус биш рашаан гэж бодъё доо

Голомт бадраан амьдрах хүслээ

Голт зүрхэндээ хадгалан үлдээе дээ

 

Ганцхан насны амраг чамтайгаа

Гариг ертөнцөд мөнх амьдаръя даа

Намайг гэсэн далай хайрыг чинь

Нартын дор уул болж шингээе дээ...” хэмээн гуниглан дуулах үед ардуудын дуулах нь:

Дархан хархүү уул болоод

Дайснаа даран үүрд суусан гэдэг

Далай жаргалын гэгээн наран

Дандаа ямагт гийгүүлэх болсон гэдэг

 

Хараа бүсгүй гол болоод

Хамгийг ундаалж урссан гэдэг

Хагацал зовлон тэднээр дуусч

Хайрын тэнгэр бүхнийг ивээсэн гэдэг

 

Амьдын хорвоод дэр нийлээгүй ч

Амьтан олныхоо тусын тулд

Үүрд нэгнээсээ хагацсан гэдэг

Үеийн үед мөнхөрсөн гэдэг. хэмээн дуулж байгаа нь домгийн тайлал нь болж чаджээ. Жүжгийн төгсгөлийн үзэгдлүүдэд нь мөнөөх Дархан хархүү маань Дархан хайрхан уул болоод нутаг усныхан нь жил бүр уг хайрханд очиж шүтэж мөргөн тахилга үйлддэг болсныг, Хараа бүсгүй Хараа гол болоод түмэн олныг ундаалж байгааг усны урсгал бүхий бүжигчдийн уян намуухан бүжгийн хөдөлгөөнөөр төлөөлүүлэн сайхан найруулж үзүүлсэн нь бахархам юм.

Эцэст нь Дархан хотыг бүтээн байгуулалцсан зургаан орны төлөөлөл хөтлөгчийн урилгаар гарч ирж орон бүрийн онцлогийг харуулсан хувцаслалт, нүүр хувиргалт тус бүрийн үндэсний шинжийг харуулсан хөдөлгөөн зэргийг оновчтой шийдлээр найруулж “Монгол гутал”-ын дэргэд очиж эв найрамдлаа бататгаж байгаа нь Дархан хотын 60 жилийн ойд зориулсан гэдэг санааг илэрхийлсэн зөв шийдэл болжээ.

Мэдээж ганц удаагийн шүүмжээр бүхэл бүтэн цаг хагасын хугацаанд үргэлжлэх дуулалт жүжгийн үйл явдлыг бүрэн гаргаж амжихгүй ч тоймлож өгүүлэхэд ийм байна. Домгоос сэдэвлэж урт удаан цаг хугацааны өргөн агуулгыг багтааж тэр тусмаа дуулалт жүжиг хэлбэрээр ийм том уран бүтээлийг оновчтой өндөр ур чадвартайгаар найруулан тавьсан “Залуучууд” театрын Уран сайхны удирдагч Г.Саранчимэгт талархаж байгаагаа хэлье. Бас жүжигт оролцон тоглосон бүх дуучин, жүжигчин, бүжигчид жүжгийг амьдруулахад ихээхэн сэтгэл зүтгэл гаргасныг дурдах нь зүйтэй.

Дуулалт жүжгийн дуу болгон үйл явдлынхаа агуулгыг тодотгож, дуулсан дуучдын хоолой теонер болон баритон зэргээр өөр өөр байгаа нь нэгэн хэвийн уйтгартай хоолойн өнгө давхцах байдлыг бий болгохгүйгээр шийдэж чадсан онцлогтой байна. Энэ мэтээр дүр бүтээсэн жүжигчин болгоноор нь, тайзны засал зураачийн шийдэл болгоныг үзэгдэл бүрээр нь, хөгжмийн ая дан, аялгуу эхлэл, зангилаа, өрнөл, тайлал болгоноор нь тоочоод байвал барагдашгүй баялаг болж чадсан сайхан бүтээл туурвисан, жүжигт оролцсон уран бүтээлчид, бэлтгэл ажлыг хангасан зохион байгуулагчид, тэднийг байнга дэмжсэн театрын захиргаа, хөрөнгө оруулалт хийсэн Соёлын яам зэрэг холбогдох газруудад үзэгчдийн өмнөөс талархал илэрхийлье. Энэхүү “Домог амилсан нутаг” дуулалт жүжиг нь Монгол Улсын театрын урын санд хүндтэй байр эзлэх нь дамшиггүй ээ.

                                                                                                                                                                              Б.Норовсамбуу 



Холбоотой мэдээ