АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэгтэй хамтран ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-01-11 14:21:23
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Аймгийн иргэдийн эрүүл мэндийг сайжруулах, эмч нараа мэргэшүүлэх зорилгоор Дундговь аймаг АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээ байгуулан хэрэгжүүлж эхэлжээ.

Хамтын ажиллагааны хүрээнд аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нарыг мэргэшүүлж, цаашид дурангийн болон элэгний хагалгааг орон нутагтаа хийдэг болох бөгөөд ингэснээр эрүүл мэндийн үйлчилгээ иргэдэд илүү ойртож, чирэгдэл багасах юм.

Эхний ээлжинд аймгийн ЗДТГ-ын алба хаагчдыг Улаанбаатар хотод эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд бүрэн хамруулж, зарим шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлжээ.

АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийг 2019 онд Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар байгуулсан бөгөөд олон улсын стандартад нийцсэн орчин үеийн тоног, төхөөрөмжөөр тоноглогдсон, мэргэжлийн чадварлаг боловсон хүчнээр хангагдсан ажээ.

Эрүүл мэндийг дэмжих төв, Үйлчлүүлэгчийг дэмжих төв ажилуулан үйл ажиллагаа эрхэлдэг ба тус  амбулаторийн тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн даатгалаар бүрэн авах боломжтой юм. 

Холбоотой мэдээ