Иргэдийн оролцоотой бүтээн байгуулалтаа нэмэгдүүлэх зорилго дэвшүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-01-11 16:57:23
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Дэлгэрцогт сум 2022 оныг “Иргэдийн оролцоотой бүтээн байгуулалтын жил” болгон зарлаж, бүтээн байгуулалтаа нэмэгдүүлэн иргэдийнхээ ая тухтай амьдрах, орчин нөхцөлийг сайжруулах зорилго дэвшүүлэв. 

Энэхүү зорилго дор байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоотойгоор сумын төвийн өнгө үзэмжийг сайжруулах, иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, орчны хог хаягдлыг оновчтой байдлаар шийдвэрлэх, бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэхээр төлөвлөж байгаа аж. 

Тухайлбал, иргэд өөрсдийн амьдран суугаа хашаа байшингаа тохижуулах, мод тарих, цэвэр бохирын шугамд холбогдох зэрэг  ажилд санаачилгатай оролцохыг сумын ЗДТГ-аас уриалж байгаа юм. 

Тус сум 1923 онд байгуулагдсан. Ирэх 2023 онд тохиох 100 жилийн ойгоо угтан энэ жил ийнхүү бүтээн байгуулалтаа нэмэгдүүлж, иргэдийнхээ аятай амьдрах, орчин нөхцөлийг бүрдүүлэхээр боллоо.  


Холбоотой мэдээ