Хадланчид бэлтгэсэн өвсөө борлуулж чадахгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2022-01-13 11:24:42

Дорнод /МОНЦАМЭ/. Хадланчид бэлтгэсэн өвсөө зах зээлд борлуулж чадахгүй байна. Тиймээс хадланчдын төлөөлөл УИХ-ын гишүүд, аймаг орон нутгийн удирдлагад хандаж, энэхүү хүндрэлтэй байдлаас гарахад дэмжлэг үзүүлж хамтарч ажиллахыг хүслээ.  

Дорнод аймгийн хэмжээнд энэ жил 160 орчим хадлангийн бригад өвс тэжээл бэлтгэж, 1500 орчим иргэн хадлан бэлтгэлийн ажилд оролцжээ. Энэ жил улсын хэмжээнд зуншлага сайн байсан учраас хадланчдын хувьд хангалттай өвс тэжээл бэлтгэж чадсан байна. Гэвч цар тахлын нөлөөллөөс үүдэн эдийн засаг хямарсан, хил гааль хаалттай, шатахууны үнэ нэмэгдсэн, техник тоног төхөөрөмж, ажиллах хүчний зардал өссөн зэрэг олон хүчин зүйлээс үүдэж өвс тэжээллийн борлуулалт муу байгаа юм. Тэд орон сууцнаас эхлээд хувийн үл хөдлөх хөрөнгөө банк болон банк бус байгууллага, иргэдэд барьцаалан зээл авч, хадлан бэлтгэлийн ажлаа эхлүүлсэн ч ажилчдынхаа цалинг тавьж чадахгүйд хүрээд байгаагаа учирлалаа.

Өнөөдрийн байдлаар гурван тэрбум орчим төгрөгийн үнэ бүхий 722 мянган боодол өвс хадланчдын гар дээр байна. Энэ нь аймгийн нийт төсвийн таван хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн дүн юм.  

Холбоотой мэдээ