Гэр бүлийн хүчирхийллийн 140 зөрчил бүртгэгджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ сарын 11-нд цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1601 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага 1276, хулгайтай холбоотой 28, гэр бүлийн хүчирхийллийн 140, гэмт хэргийн шинжтэй 74 мэдээлэл бүртгэгдсэн байна.
Мөн согтуугаар автомашин
жолоодсон 68, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 138, хүний
биед халдсан 55, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 64,
эрүүлжүүлэх байранд хоносон 219, оршин суугчдын амгалан тайван байдал
алдагдуулсан 54 тохиолдол гарчээ.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн тохиолдолд зөрчлийн тухай хуулийн 5.4-р
зүйлийн 4.1-4.4-т заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол албадан
сургалтад хамруулж 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.
Харин Гэр бүлийн хүчирхийллийн талаар хуулиар хүлээсэн мэдээлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг 200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгодог.