Омикроноор халдварласан үед яаран антибиотик эмчилгээ хийлгэх шаардлагагүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2022-01-14 12:48:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Омикрон хувилбарын эмнэл зүйн байдал хамар битүүрэх, нус гоожих, хуурай ханиалгах, халуурах, хоолой аргах, хөндүүрлэх, ханиалгах нь хэд хоногоос цэртэй болох зэргээр илэрч байна.


Энэ тухай ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Ж.Нарангэрэл мэдээлэхдээ, “Хүүхдэд хоолой сөөх, амьсгал бачуурах шинж голчлон илэрч байна. Энэ шинж тэмдэг томуу болон томуу төст өвчний амьсгалын дээд замын халдварын шинж тэмдэгтэй адил байгаа юм. Омикроны шинж тэмгүүд хөнгөн бөгөөд 5-7 хоног илрээд эдгэрч байна. Манай улсад халдварын дөрөв дэх давалгаа эхэлж байгаатай холбогдуулан эмнэлэгт хандаж буй үйлчлүүлэгчдийг тандахад хүндрэх эрсдэл 1.5-2 дахин бага байна. Омикрон хувилбар хөнгөн тусаж байгаа учир гэрээр эмчилгээ хийж, эмчийн зөвлөгөөг авах боломжтой. Мөн вирусний эсрэг өвөрмөц эмчилгээ шаардлагагүй. Нэн тэргүүнд нянгийн эсрэг антибиотик уух шаардлагагүй. Харин шинж тэмдгийн эмчилгээ буюу дархлаа дэмжих эмчилгээ, өвчин намдаах, халуун бууруулах арга хэмжээ авах нь зөв юм. Омикроноор өвчлөхөд хүндрэх магадлалтай иргэдийн бүлэгт 12-оос доош насныхан, өндөр настан, хавсарсан эмгэгтэй хүмүүс багтаж байна. Тиймээс эдгээр хүмүүс омикрон туссан тохиолдолд анхан шатны эмнэлгүүд эмнэлэгт хэвтүүлэх арга хэмжээг авна” гэв.


Одоогоор, нийслэлийн хэмжээнд 16 эмнэлгийн 4764 ор, орон нутагт 42 эмнэлгийн 5482 оронд ковидын халдвартай иргэдийг хүлээн авч, эмнэлгийн тусламж үзүүлж байгаа аж.


Хөнгөн тусаж буй иргэдийг гэрээр эмчилнэ гэж зөвлөөд байхад эмнэлэгт хэвтэх гэсэн хүсэлт их гарч байна. Энэ нь төлөвлөсөн ороо шаардлагатай хүмүүст хүргэхэд хүндрэл учруулж байна. Тиймээс иргэдийг хүлээцтэй хандахыг тэрбээр уриалав.

Холбоотой мэдээ