Г.Ганбаатар: Багийнхан маань нэгнийгээ дэмжиж, малжуулах төслийг хоёр удаа хэрэгжүүлсэн

ОРОН НУТАГТ | Увс
batkhuu@montsame.mn
2022-01-19 21:37:19

Увс /МОНЦАМЭ/. Баруунтуруун сумын Баян-Айраг багийн Засаг дарга бөгөөд сумын ИТХ-ын төлөөлөгч Ганхуягийн Ганбаатартай ярилцлаа.


-Багийн даргаар хэд дэх  жилдээ ажиллаж байна вэ?

-Би Баруунтуруун сумын Баян-Айраг багийн Засаг даргаар хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байна. Мөн сумын Хурлын төлөөлөгчөөр ажилладаг. Манай баг Өндөрхангай, Цагаанхайрхан, Хяргас, Зүүнговь сумтай хиллэдэг, мөн ОХУ-ын Тува улсаас 26 км зайтай оршдог. Дөрөө нуурын заставын Цагаан гатлага, Янгирт, Хар ус гэсэн улсын хил хамгаалах нэг застав, гурван харуулын цэгтэй. Дөрөө нуур, Алтан элс, Нарийны голын эх, Хиймэл нуур гэсэн байгалийн үзэсгэлэнт газруудтай. Багийн иргэд мал аж ахуй, газар тариалан хослон эрхэлдэг. Газар тариалангийн үйлдвэрлэл 23 мянган га талбайд эрчимтэй хөгжиж байна. Одоогийн байдлаар 2000 орчим га талбайг Хиймэл нуураас 13.8 км газар доогуур системээр ус татаж усалдаг бөгөөд цаашдаа нэмэгдэх бүрэн боломжтой.

Манай баг 157 өрхтэй, үүнээс 146 малчин өрх. Нийт малчдын 60 орчим хувь нь 40-өөс доош насны залуу малчид байна.

-Танай багийнхан олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог гэж сонссон?

-Манай багийн иргэд тусч, нийтэч, олон нийтийн ажилд идэвх санаачилгатай оролцдог. 2015 онд “Аймгийн шилдэг баг”-аар шалгарч байсан. Мөн Улайн загалмайн үйл хэрэгт 2018 онд багаараа элсэн орж, “Монголын улаан загалмайн нийгэмлэгийн дэмжигч баг” болсон. Монголын улаан загалмайн Алтан гишүүн, Нигүүлсэнгүй үйлстэн, Манлай малчин 5, Мөнгөн гишүүн 4, хандивлагч онцгой гишүүн 58 бий. 2019 онд аймгийн “Нигүүлсэнгүй үйлстэн баг”-аар шалгарч байсан.

Тэрчлэн 2015 онд “Туруун голын хурд” уяачдын гал байгуулж, уяачдаа нэгтгэн үйл ажиллагаагаа эрчимжүүлсэн.

Багийнхан маань нэгнийгээ дэмжиж, малжуулах төслийг хоёр удаа хэрэгжүүлсэн. Тухайлбал, “Малчид малчдаа дэмжье” аян”-ыг 2015 онд багийн ИНХ-аар хэлэлцэн батлаж, өрх бүрээс нэг бог, нийтдээ 80 мал хандиваар цуглуулж цөөн малтай хоёр өрхөд тэнцүү хуваан өгч хоёр жил төллүүлсэн. Эдгээр малчид 80 төлөө өөртөө аваад, буцааж 40 зусаг малыг дараагийн малчинд шилжүүлэх хэлбэрээр явж ирсэн. Энэ аяныг манай багийн ИНХ-ын дарга Самбуугийн Доржсүрэн бид хэд санаачилсан бөгөөд өдгөө 8 дахь айлдаа очиж буян хишгээ өгч байна.

Дараагийн нэг гол ажил нь 2017 оноос багийн Иргэдийн нийтийн хурлаараа хуц ухна малласан малчныхаа хариулгын хөлсөнд өөрчлөлт оруулж, залуу малчдаа дэмжих уриалга гарган “Ухныг ноолуураар, хуцыг охин хурга болгон өөрчилж”, малчин жилдээ 7-9 хүртэл сая төгрөг, 100-120 хургатай болох боломж бүрдүүлсэн.

-Энэ жил танай багт өвөлжилт хэр байна вэ?

-Өвөлжилт хэвийн, сайхан байна. Энэ жил мал тарга хүч сайн авсан, цас багатай, дулаахан, өнтэй өвөл болж байна.

Манайх их онцлогтой сум. Цас их орохоос гадна, эрчимтэй хүйтэрдэг. Ер нь бол өвөлжилтийн бэлтгэлээ сайн хангасан малчин өвөл, хаврыг гарз хохирол багатай давдаг. Манай малчид жилдээ 1000 гаруй тн өвс, 300 орчим тн тэжээл бэлтгэхээс гадна үр тарианаас ялгасан тариа будаа, овъёос, хужир шүү, давс ахиу бэлдэж авдаг. Мөн түлшиндээ малынхаа аргал, хөрзөнг түлхүү хэрэглэдэг хөдөлмөрч ард түмэн.

-Малчид малын тоо, ашиг шим хоёрын алинд нь илүү анхаарч байна вэ?

-Манай сум бэлчээр багатай, хөгжлийн тэргүүлэх гол чиглэл нь газар тариалангийн үйлдвэрлэл. Цаашид мал ихээр өсгөхөд бэлчээрийн даац хүрэлцэхгүй. Гэхдээ бэлчээрийн ургамлын хувьд олон зүйл төрөлтэй тул мал нь их таваарлаг чанартай байдаг. Үүн дээрээ тулгуурлаад малынхаа тоо толгойг барьж, ашиг шимийг нь өсгөөд явбал хаана хаанаа нэмэртэй. Манай малчид малынхаа үүлдэр угсааг сайжруулах тал дээр их анхаарч байгаа. Тухайлбал үхрээ Сэлэнгийн улаан халзан бухаар цус сэлбэж байна, мөн Хар тарлан үүлдэрийн үхрүүд ч бий.

-Танд баярлалаа.

Холбоотой мэдээ