Эмч ажилчдын дунд өвчлөл их байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
oyundelger@montsame.gov.mn
2022-01-16 18:20:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ковид-19 болон омикрон хувилбараар өвчилсөн иргэдийг хэвтүүлэн эмчилж буй эмнэлгүүдийн орны эргэлт муу, эмч ажилчдын дунд өвчлөл их, ажлын ачаалал их байгааг УОК-ын Шуурхай штаб мэдээллээ.


УОК-ын Нэгдсэн шуурхай штабын даргын өгсөн чиглэлийн дагуу ор дэлгэн ажиллаж буй эмнэлгүүдийн үйл ажиллагаа, орны ачаалал, эмнэл зүйн шинж чанар, эмч, ажилчдын ажлын ачаалал, үйл ажиллагааг хянах ажлын хэсгийг байгуулсан.

Ажлын хэсэг өнөөдөр ХӨСҮТ-д ажиллалаа. Тус төв нь 545 ортой, үүнээс сүрьеэ өвчтөн 200, үлдсэн 345 орон дээр “Ковид-19”-өөр өвдсөн иргэдийг хүлээн авч байна.


Одоогоор хэвтэн эмчлүүлж байгаа иргэдээс 5 хүний биеийн байдал маш хүнд, 122 нь хүнд, 221 нь хүндэвтэр, 13 хүний биеийн байдал хөнгөн байна. Коронавируст халдвар авсан 361 өвчтөн байгаа аж.


Ажлын хэсэг ХУД-ийн Нэгдсэн эмнэлэгт ажиллаж эмч, сувилагч үйлчлүүлэгчтэй уулзаж, нөхцөл байдалтай танилцаад, Эх нярайн эмэгтэйчүүдийн үндэсний төв-2-т ажиллав. Тус төв нь ковидын халдвар авсан иргэдийг эмчлэх 1000 ортой. Энд эмчлүүлж буй иргэдээс 2 хүний биеийн байдал нэн хүнд, 1072 нь хүндэвтэр болон хөнгөн өвчтөн байна. Эдгээр өвчтөний сахиур, гэр бүл нийт 1207 иргэн хэвтэж байгаа аж. 

Холбоотой мэдээ