ЗХУ-ын Хөдөлмөрийн баатар А.Чекашовын “Эрдэнэт: Хүмүүс, үйл хэрэг” номыг монгол хэлэнд орчуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-01-16 19:15:08
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. ЗХУ-ын Социалист Хөдөлмөрийн баатар А.Чекашовын Эрдэнэт: Хүмүүс, үйл хэрэг 1974-1978” номыг орос хэлээс монгол хэлэнд орчуулсан “Монголыг хайрлаарай буюу Эрдэнэт: Хүмүүс, үйл хэрэг” ном худалдаанд гарлаа.

Уг номыг сэтгүүлч, орчуулагч Б.Баттогтох орчуулсан бөгөөд Эрдэнэт хотын 45 жилийн ойд зориулан гаргажээ. 1974-1978 онд Эрдэнэт хотыг бүтээн босгоход гар бие оролцсон, удирдан зохион байгуулсан А.Чекашов тухайн үеийн түүх, баримт, үйл хэргийг “Эрдэнэт: Хүмүүс, үйл хэрэг” номдоо тусгасан байдаг. Орос -Монголын хамтын ажиллагаа, бүтээн байгуулалт, Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэт хотыг анх босгоход ямар саад бэрхшээл тулгарч байсан зэрэг олон сонирхолтой түүхэн үйл явдлыг тус номд дурдсан байдаг.

2021 онд Эрдэнэт хотын түүхт 45 жилийн ой, Монгол -Оросын дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тохиолдуулан сэтгүүлч, орчуулагч Б.Баттогтох уг номыг орчуулж Эрдэнэт хотдоо бэлэг барьсан. Тэрээр номынхоо өмнөтгөлд дурдахдаа, “Бид бол хөршүүд. Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг гэж ухаант ард түмэн минь ярьдаг. Үүнд уламжлалт сайн хөршийн бодлого, хоёр орны ард түмний хөлс, цусаар гагнагдсан найрамдалт харилцаа, үүх, түүх, ёс суртахууны үүрэг хариуцлага ч мөн багтана” хэмээн онцолсон байна. 


Холбоотой мэдээ