"Уусан бол бүү жолоод" аяны хүрээнд 2308 зөрчил илрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-01-17 10:17:57

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Тээврийн цагдаагийн албанаас "Уусан бол бүү жолоод" аяныг өнгөрсөн сарын 15-ны өдрөөс орон даяар өрнүүлж байгаа.

Тус аян нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилготой аж.

Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид уг аяны хүрээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 82, эрхийн үнэмлэхгүй тээврийн хэрэгсэл жолоодсон 39, хурд хэтрүүлсэн 37, бусад төрлийн 2150, нийт 2308 зөрчил илрүүлжээ. Зөрчил гаргасан жолооч нарт холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцож, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 иргэнийг эрхийг хасан  400 мянган  төгрөгөөр торгож, 15 жолоочийг шүүхээр 7-30 хоног баривчлуулсан ажээ.  

Холбоотой мэдээ