Гэмт хэрэгт холбогдогчдын 16.2 хувь нь эмэгтэйчүүд байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2022-01-17 16:29:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Нийт бүртгэгдсэн гэмт хэрэг 2021 онд 25 429 болж, өмнөх оныхоос 2365 буюу 10.3 хувиар нэмэгджээ.


Гэмт хэрэг ийнхүү нэмэгдэхэд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 1571 буюу 13 хувиар, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг 465 (2.6 дахин), хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 232 буюу 3.1 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.


Харин өнгөрсөн 12-р сард 2749 хэрэг бүртгэгдсэн нь өмнөх сарынхаас 940 (25.5%)-өөр бага үзүүлэлт бөгөөд үүнд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 726 (33.8%), хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эрхийн эсрэг гэмт хэрэг 145 (16.5%), хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг 86 (61.9%)-гаар багассантай холбоотой аж.




Мөн гэмт хэргийн улмаас 2021 онд 180.3 тэрбум төгрөгийн хохирол учирснаас 90.4 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлсэн байна. Түүнчлэн учирсан хохирол уржнангийнхаас 74.6 тэрбум төгрөгөөр буурч, харин нөхөн төлүүлсэн хохирол 8.3 тэрбум төгрөгөөр өссөн байна.




Гэмт хэрэгт холбогдсон нийт яллагдагчдын тоо 2021 онд 18 078 болж, уржнангийнхаас 8.5 хувиар өсжээ. Нийт гэмт хэрэгт холбогдсон яллагдагчийн 5.1 хувь буюу 921 нь 18 хүртэлх насны хүүхэд, 16.2 хувь буюу 2927 нь эмэгтэйчүүд байна. Гэмт хэргийн улмаас хохирсон хүн өнгөрсөн онд 25.0 мянга болж, тэдний 1365 (5.5%) нь 18 хүртэлх насны хүүхэд, 11 275 (45.1%) нь эмэгтэйчүүд байгаа бол гэмт хэргийн улмаас 8299 хүн гэмтэж, 683 хүн нас барсан гэж МҮСХ-ноос мэдээллээ. 

Холбоотой мэдээ