Урлаг, соёлын үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-01-19 12:28:11

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Коронавируст халдвар, шинэ төрлийн омиркон хувилбарын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн Онцгой комисс өчигдөр орой хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд: Олон нийтийг хамарсан аливаа үйл ажиллагааг зохион байгуулахыг хязгаарлалаа. Тодруулбал хурал зөвлөгөөн, соёл урлагийн үйл ажиллагаа, уралдаан, тэмцээн, бүх төрлийн баяр ёслол, тэмдэглэлт ойн арга хэмжээ, аялал зугаалга, хүлээн авалт, цайллага, хурим найр, нийтийн золголтыг тодорхойгүй хугацаагаар хязгаарлалаа.  Мөн сүм, хийдийн үйл ажиллагааг энэ сарын 20-ны өдрөөс эхлэн цахим хэлбэрт шилжүүлэхийг үүрэг болголоо.

Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор 0-5 насны хүүхэдтэй эцэг, эх гэрээсээ, цахимаар ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлж ажиллахыг бүх шатны төсвийн байгууллагын дарга, захирал нарт даалгаж, тухайн шийдвэрийг хувийн хэвшлийн байгууллагын ажил олгогч нарт зөвлөв.

Аймгийн Онцгой комиссоос гарсан шийдвэр, чиглэлийг мөрдлөг болгоогүй, шийдвэр зөрчсөн аж ахуйн нэгж байгууллага, хувь иргэдтэй холбоотой мэдээллийг Шуурхай штабын 7037-0119 дугаарт авна.

Бизнесийн үйл ажиллагааг хориглохгүй гэдгийг онцгой комиссын дарга албан ёсоор мэдэгдсэн. Тиймээс олон нийтийг хамарсан үйл ажиллагааны хязгаарлалтад кино театр хамаарахгүй бөгөөд халдвар хамгааллын дэглэмээ баримтлан хэвийн үйл ажиллагаагаа явуулах боломжтой ажээ.

 

Холбоотой мэдээ