Ихэнх нутгаар цас орно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2022-01-20 16:36:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ сарын 21, 22-нд нутгийн баруун хэсгээр, 23-нд ихэнх нутгаар, 24-нд нутгийн зүүн хагаст цас орохыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа.


2022 оны 1 дүгээр сарын 22-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна. Энэ сарын 22-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 23-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар 24-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 25-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 22, 23-нд нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 22-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 18-23 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 12-17 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 2-7 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.

Холбоотой мэдээ