НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолыг дагаж мөрдөхийг уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-01-21 11:41:50

ТОКИО. /TASS/. Япон, АНУ-ын Засгийн газар Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээний талаар гаргасан хамтарсан мэдэгдэлдээ, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолыг дагаж мөрдөхийг БНАСАУ-ын эрх баригчдад уриалав. Мэдэгдлийг Японы ГХЯ баасан гарагт нийтэлжээ.


Токио, Вашингтон "Пёньяны цөмийн болон баллистик пуужин, түүнчлэн үй олноор хөнөөх бусад зэвсгийг бүрэн, эргэлт буцалтгүй, баталгаатай устгахыг дэмжсэн байна. Үүнээс гадна, тус хоёр улс Иран улсад хандан “цөмийн хөтөлбөртэй нь холбоотой нөхцөл байдлыг хурцатгахаа зогсоож, Олон улсын атомын эрчим хүчний агентлагтай нэн даруй хамтран ажиллахыг уриалжээ”.


Мэдэгдэлд мөн Япон улс "Стратегийн давшилтын зэвсгийг цаашид хорогдуулах, хязгаарлах арга хэмжээний тухай гэрээг сунгасныг сайшааж, ОХУ, АНУ-ын хооронд стратегийн тогтвортой байдлын асуудлаарх хэлэлцээ үргэлжлэхийг тэсэн ядан хүлээж байгааг” тэмдэглэжээ. Үүнээс гадна, Токио, Вашингтон "цөмийн эрсдэлийг бууруулах, нээлттэй байдлыг нэмэгдүүлэх, цөмийн зэвсгийг хураахыг дэмжсэн гэрээ хэлэлцээрт хувь нэмрээ оруулахыг БНХАУ-д уриалсан байна".


Коронавирусний “омикрон” хувилбар тархсаны улмаас Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээний хэрэгжилтийг хянан хэлэлцэх бага хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан юм. Уг хурлыг энэ оны наймдугаар сарын 1-26-ны хооронд явуулж магадгүй гэж “Kyodo” агентлаг 2021 оны сүүлчээр дипломат эх сурвалжуудаас эш татан мэдээлжээ.


Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх тухай гэрээг 1968 онд байгуулсан билээ. Уг гэрээнд Их Британи, Орос, Хятад, Франц, АНУ-ын цөмийн зэвсгийг хуульчилж, эдгээр орны цөмийн гүрний статусыг баталгаажуулжээ. Бусад улс орнууд уг баримт бичигт гарын үсэг зурснаар үй олноор хөнөөх зэвсэг бүтээх, олж авах эрхгүй болно. Одоогоор 190 гаруй улс гэрээнд нэгдээд байгаа бол Энэтхэг, Пакистан, Израил улс нэгдээгүй хэвээр байна. 2003 оны нэгдүгээр сард БНАСАУ уг гэрээнээс гарсан юм.


Холбоотой мэдээ