Аймгийн баяр наадам буриад харваагаар эхлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
sarantsetseg@montsame.gov.mn
2016-07-20 15:45:02

Ардын хувьсгалын 95, Дорнод аймаг байгуулагдсаны 85 жилийн ойн баяр наадам өнөөдөр Буриад сурын харваагаар эхэллээ.

Цэц мэргэн харваачдын өлгий нутаг Дорнод аймгийн баяр наадамд 130 гаруй харваач цэцээ сорьж байна. Харваачдыг магнайлж Монгол улсын гарамгай мэргэн Цэвээний Хүдэрчулуун, Дашнямын Бор-Охин тэргүүтэй мэргэчүүд чимжээ. Энэ удаагийн харваанд улс аймгийн 10 гаруй, спортын 50 гаруй мастер оролцсон чансаа өндөр харваа болж байна. Эрэгтэй, эмэгтэй, хүүхэд гэсэн гурван төрлөөр өрсөлдөж мэргэчүүд тодрох юм. Буриад сур нь 64 сумаар цэцээ сорьдог. Дашрамд сонирхуулахад энэ жилийн улсын наадамд Дорнодын харваачид өнгөтэй сайхан наадаж Буриад сурын төрөлд Баянуул сумын уугуул ОУХМ Ойдовын Сүхбаатар 64 сумнаас 59 онож төрийн наадамдаа дөрөв дэх удаагаа түрүүлж  эрэгтэй эмэгтэй төрлийн эхний таван байрыг Дорнодчууд хүртсэн амжилт үзүүлээд байгаа билээ. Мөн Үндэсний харвааны шилдэг наймд хоёр харваач шалгарсан. Үндэсний харвааны эмэгтэй төрөлд Чагнаадоржийн Гандаваа хоёрдугаар байрт орсон юм.

Б.Туяа

Холбоотой мэдээ