А.Усманов: Удоканы төсөл цэвэр технологийн хөгжлийг дэмжинэ

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2022-01-21 15:01:26

Уур амьсгалын өөрчлөлтөөс хүн төрөлхтнийг аврах учиртай ирээдүйн “нүүрстөрөгчгүй эдийн засаг”-ийг бий болгоход зэс гэдэг металл маш чухал үүрэгтэй бөгөөд удахгүй зах зээл дэх хамгийн ховор түүхий эдүүдийн нэг болох төлөвтэй байна. Энэ тухай Оросын тэрбумтан, USM холдинг компанийн эзэн Алишер Усманов-ын бичсэн сонирхолтой өгүүлэл Дэлхийн Эдийн засгийн форумын цахим хуудсанд нийтлэгджээ. Тэрбээр өөрийнх нь эзэмшлийн компани Оросын Чита муж дахь зэсийн үлэмж нөөцтэй Удоканы ордыг экологид ээлтэй байдлаар ашиглах төслийг хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар бичсэн байна. 


Дэлхийн “ногоон” эрчим хүчний салбар зэс гэх мэт металлуудад тулгуурлан хөгжих болно. Ингэснээр цаашдаа дэлхий дахинд зэсийн ноцтой хомсдол нүүрлэхээр байна. Ийм учраас сайтар боловсруулсан стратегийн үндсэн дээр зэс олборлолт, үйлдвэрлэлийг тогтвортой явуулах нь чухал болжээ. 


Зорилтыг хэрхэн хэрэгжүүлэх вэ?


Нүүрстөрөгч бага ялгаруулдаг эдийн засгийг бий болгоно гэдэг бол CO2 хийг хамгийн бага хэмжээгээр ялгаруулдаг шинэ технологийг ашиглана гэсэн үг. Гэтэл өндөр технологийн салбар хүртэл ашигт малтмалын олборлолтоос хамааралтай байгаа билээ.


USM холдинг компанийн бүтцэд багтдаг “Удоканы зэс” компани ашигт малтмалын салбарт тогтвортой хөгжлийг хангах асуудлыг нухацтай хөндөж байна. Ингэснээр нүүрстөрөгч бага ялгаруулдаг эдийн засгийн нөхцөлд хэрэгжүүлэх стратегийг боловсруулж, ирээдүйн цэвэр технологиудад амин чухал хэрэгцээтэй зэсийн үйлдвэрлэлийн хандлагыг тодорхойлох юм.   


Зэс бол “шинэ алт”


Зэсийг сүүлийн үед “шинэ алт”, “шинэ нефть” эсвэл “ирээдүйн металл” гэх зэргээр нэрлэх болжээ. Учир нь, энэ металл нүүрстөрөгч бага ялгаруулдаг эдийн засаг ба харилцаа холбоо гэх мэт өндөр технологийн салбаруудад юугаар ч орлуулшгүй чухал үүргийг гүйцэтгэж байна. Цахилгаан автомашин үйлдвэрлэх, сэргээгдэх эрчим хүчийг гарган авах, түүнчлэн нүүрстөрөгчийг шүүж хадгалах системийг бий болгоход зэсийг орлож чадах өөр зүйл үгүй ээ.


Олон улсын эрчим хүчний агентлагийн дэвшүүлсэн таамаглалаар бол, 2040 он гэхэд бал чулуу, зэс, никель гэсэн гурван металл дээр гол хэрэглээ төвлөрөхөөр байна. Мөн тухайн онд цэвэр эрчим хүчний салбар дахь зэсийн эрэлт хэрэгцээ 2020 оныхтой харьцуулахад бараг 2,7 дахин өсөх ажээ. Bank of America банкны таамаг үнэлгээгээр, 2030 он гэхэд зэсийн хэрэглээний жил тутмын дундаж өсөлт 3,6 хувьд хүрэхээр байна.


Үүний зэрэгцээ зэсийг орлох өөр зүйл гарч ирэхгүй нь. Зэсийг орлох түүхий эдийн хэмжээ нь зэсийн жилийн нийт хэрэглээний 1 хүрэхгүй хувийг бүрдүүлж байгаа бөгөөд ихэнхдээ кабелийн үйлдвэрлэлд хамаарч байгаа юм. Бусад салбарт ойрын ирээдүйд зэсийг өөр металлаар орлуулах магадлал туйлын бага. Эрчимтэй тэлж буй цахилгаан автомашин, аккумуляторын зах зээлүүд зэсээс маш их хамааралтай. Цахилгаан дамжуулах чанараараа бусад металлаас хол илүү зэс бол сэргээгдэх эрчим хүчний технологийн хувьд юугаар ч орлуулшгүй бүрэлдэхүүн хэсэг билээ.


Нийлүүлэлтээс давсан эрэлт


Гэтэл эрэлтийн өсөлтөд нийцүүлэн нийлүүлэлтийг нэмэгдүүлж чадах эсэх нь эргэлзээтэй байна. Одоо ажиллаж буй зэсийн уурхайнуудын олборлолт бараг оргилдоо хүрээд байгаа бол шинээр илэрсэн ордуудын тоо тун цөөхөн. Ордыг нээснээс хойш олборлолт явуулж эхлэх хүртэлх хугацаа сүүлийн жилүүдэд эрс холдсоор. Зах зээл дэх эрэлт ба нийлүүлэлтийн зөрүүгээс хамааран өнгөрсөн оны 5 ба 11 дүгээр сард нэг тонн зэсийн үнэ бараг 11 мянган долларт хүрлээ. 


Урт хугацааны хэтийн төлвийг ажвал, зэсийн зах зээлийн үндсэн үзүүлэлтүүд тааламжтай хэвээр байхын зэрэгцээ ойрын жилүүдэд эрэлт нь нийлүүлэлтээс давсаар байх нь. Цэвэр эрчим хүчний салбар дахь зэсийн эрэлттэй зэрэгцээд барилга ба аж үйлдвэрийн салбаруудын хэрэглээ өсөх төлөвтэй байна.


Эрэлт нийлүүлэлтийн тэнцвэргүй байдлыг арилгах нь


Хэдийгээр эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэргүй байдал нэмэгдсээр байгаа боловч ирээдүйд зэсийн хомсдолыг арилгахад чиглэсэн хэд хэдэн арга зам бий гэдгийг дурдая.   


1. Шинээр ордуудыг нээн илрүүлэх, ашиглахад хөрөнгө оруулах

2. Хүдрээс ялган авах зэсийн хэмжээ ба үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн технологиудыг гарган авах.

3. Хаягдал зэсийг дахин боловсруулах технологийг хөгжүүлэн дэлгэрүүлэх


“Удоканы зэс” компани эхний хоёр чиглэл буюу хөрөнгө оруулалт ба технологийг хөгжүүлэх тал дээр идэвхтэй ажиллаж байна. Удоканы ордын зэсийн нөөц 26,7 сая тонн, хүдэр дэх зэсийн дундаж агууламж 1,05 хувь байгаа нь дэлхийд 3 дугаарт орохоор том орд /ашиглагдаагүй байгаа/ болж байна.  


Байгаль цаг уурын хатуу ширүүн нөхцөлтэй Оросын Алс Дорнодын хамгийн алслагдсан нутагт орших уг ордыг 1949 онд нээн илрүүлсэн юм. Түүнийг ашиглах гэж хэд хэдэн удаа оролдсон боловч тухай бүр эдийн засгийн хувьд ашиггүй болох нь батлагдаж байв. 90-ээд онд ЗХУ задарснаар ордыг бүрмөсөн хаяжээ. Түүнийг ашиглахад гарах хүндрэлүүд нь байгаль цаг уурын хүнд нөхцлөөс гадна ордын хүдрийн бүтэцтэй холбоотой байлаа.

2008 онд бид Удоканы ордыг ашиглахын тулд боловсруулалтын хосгүй технологийг боловсруулж, патентжуулсан бөгөөд үүний ачаар хүдрээс зэс ялган авах нь боломжтой, эдийн засгийн хувьд ашигтай төдийгүй пирометаллургийн аргатай харьцуулахад экологийн хувьд илүү цэвэр гэдэг нь батлагдсан юм. Өнөөдрийн байдлаар, “Удоканы зэс” компани уул уурхай- металлургийн комбинатын эхний ээлжийг оны эцэс гэхэд ашиглалтанд оруулахаар ажиллаж байна.


Ашиглалтын эхний үе шатанд тус комбинат катодын зэс ба сульфидын концентрат үйлдвэрлэх ба жилийн үйлдвэрлэлийн хэмжээ нь 135 мянган тонн зэс байх юм. Одоогоор ТЭЗҮ-ийг нь боловсруулж буй комбинатын 2 дугаар ээлж ашиглалтанд орсноор хүдэр олборлолтын хэмжээ жилд 15 сая тонноос бараг 40 сая тоннд хүрч өснө. Ингэснээр Удокан дэлхийн хэмжээний зэс үйлдвэрлэгч болно.  


Тогтвортой хөгжлийн гол үүрэг зорилт


Нүүрстөрөгч бага ялгаруулдаг эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад чухал үүрэгтэй зэс хэмээх металлын эрэлт хэрэгцээг хангах төдийгүй бид өөрсдийн тогтвортой хөгжлийг хангах гэдэг утгаараа энэ нь бидэнд асар их хариуцлагыг ногдуулж байна. Бидний төсөл тэгээс эхэлсэн. Ийм учраас бүр анхнаас нь хүрээлэн буй орчныг хамгаалах, газрын баялгийг экологийн хувьд тогтвортой ашиглах талаар олон улсын дэвшилтэт практикийг нэвтрүүлэх боломжтой байлаа. Экологид ээлтэй технологиуд ашигладаг компаниудтай амжилттай хамтран ажиллаж байсан бидний туршлага нь төслийг хэрэгжүүлэхэд чухал суурь болж өгнө. Тухайлбал, халуунаар цувисан төмөр ба ган төмрөн бүтээгдэхүүн, өндөр чанарын ган үйлдвэрлэгч “Металлоинвест” компани металлургийн салбарыг нүүрснээс салгахад гол үүргийг гүйцэтгэж байна. Цахилгаан зууханд ган хайлахад ашигладаг нүүрстөрөгч багатай түүхий эд гэхэд, СО2-ын шууд ба шууд бус ялгаралтыг 50 хувиар /хайлуулалтын уламжлалт аргатай харьцуулахад/ багасгаж байна.    


НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтод нийцүүлэн бидний тавьж буй гол зорилго бол нүүрстөрөгчийн ул мөрийг багасгах, түүний уур амьсгалд үзүүлэх нөлөөг хэтийн хугацаанд 0 болгох явдал юм. Өнгөрсөн онд “Удоканы зэс” компани Уур амьсгалын хөтөлбөрийг баталсан нь ирээдүйд бий болох хүлэмжийн хийн ялгарлыг бүх хэлбэрээр нь ангилан үнэлэх, ялгарлыг бууруулах боломжийг олж нээх ач холбогдолтой. Стратегийн бодлогын нэг чухал бүрэлдэхүүн хэсэг бол сэргээгдэх эрчим хүчний болон экологийн бусад цэвэр эх үүсвэрүүдээр Удоканы комбинатын цахилгаан эрчим хүчний хэрэгцээг хангах явдал юм. Ер нь бол, төсөлд шаардлагатай цахилгаан эрчим хүчний талаас илүү хувийг усны эрчим хүчээр хангахаар төлөвлөсөн.  

Нүүрстөрөгчийн ялгарлыг 0 болгох зорилтод хүрэхийн тулд нүүрстөрөгчийн ул мөр хамгийн багатай бүтээгдэхүүн, түүхий эдүүдийн нийлүүлэлтийн гинжин хэлхээг бий болгох шаардлагатай. Гэтэл зэсийн үйлдвэрлэлд шаардлагатай ган бөмбөлөг, шохой зэрэг материалууд нь нүүрстөрөгчийг ихээр ялгаруулдаг. Хийн хаягдлын үлдэгдлийн асуудлыг нүүрстөрөгчийн нөхөн төлбөрийн хэлбэрээр, Парисын гэрээний хүрээнд тогтоосон олон улсын хамтын ажиллагааны механизмаар зохицуулна. Уг механизмын дүрэм журмыг 2021 онд болсон Уур амьсгалын асуудлаарх Глазгогийн олон улсын бага хурлаар баталсан билээ.


Эцэст нь, уур амьсгалын өөрчлөлттэй хийж буй бидний тэмцлийн өөр нэг чухал зүйлийг дурдая. Энэ тэмцлийг бид өөрсдийн хүчин чармайлтаар явуулж байгаагаас гадна өөрсдийн үйлдвэрлэдэг бүтээгдэхүүний тусламжтайгаар явуулж байна. Учир нь, дэлхийн эдийн засгийг нүүрстөрөгчөөс салгахад зэс гэдэг металл гол үүргийг гүйцэтгэх болно.


Б.Адъяа


Эх сурвалжууд:


https://www.weforum.org/agenda/2022/01/sustainable-mining-clean-tech-udokan-usm/

https://inosmi.ru/20220120/med-252623424.html

Холбоотой мэдээ