Олон улсын газар зүйн заалтад Увсын чацарганыг бүртгэжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-01-24 11:30:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын газар зүйн заалтад манай улсаас Увс аймгийн чацаргана жимсийг бүртгэжээ. Тодруулбал, “Увсын чацаргана газар зүйн заалтыг Европын Холбоонд бүртгэв. Энэхүү үйл ажиллагааг анх 2016 онд манай улсын Оюуны өмчийн газар, Увсын чацаргана газар зүйн заалтын нийгэмлэг, Франц улсын ЭСЯ-ны дэмжлэгтэй эхлүүлжээ. Улмаар 2019 оноос МҮХАҮТ, Увсын чацаргана үйлдвэрлэгчдийн холбоо, Германы Худалдаа, аж үйлдвэрийн Танхимуудын холбооны SEQUA төслийн баг хамт олон чацаргана тариалагчдын нэмүү өртгийн сүлжээ бий болгох хамтын ажиллагаа, төсөл хөтөлбөрийг үргэлжлүүлэн ийнхүү үр дүнд хүргэв.





Увсын чацаргана газар зүйн заалтыг Европын Холбоонд бүртгэснээр Европын Холбооны гишүүн орнуудад “Увсын чацаргана” газар зүйн заалт хамгаалагдаж, хуурамч бүтээгдэхүүн борлуулахаас сэргийлэх, түүнийг зогсоох зэрэг ач холбогдолтой аж.


Түүнчлэн орон нутгийн чацаргана тариалагч, үйлдвэрлэгчдийн орлого нэмэгдэх, тогтвортой бизнес эрхлэлтийг дэмжих, байгаль орчин, цаг уураас шалтгаалсан онцлог амт, чанарыг хадгалах, цаашлаад аялал жуулчлалын шинэ суваг бий болох, хэрэглэгч худалдан авагчид чанар, стандартад нийцсэн бүтээгдэхүүн хэрэглэх зэрэг давуу талтай юм. Энэхүү үйл ажиллагаанд МҮХАҮТ Увсын чацарганын лабораторийн шинжилгээ, баримт бичигт засвар өөрчлөлтийг хийх зэргээр хувийн хэвшилтэй хамтран ажиллажээ



Тодруулга: Газарзүйн заалт гэдэг нь тухайн газар нутгийн байгаль, цаг уурын нөхцөл байдал, хүмүүсийн дадал заншил зэрэг хүчин зүйлээр тодорхойлсон чанар, нэр хүнд, бусад онцлог шинж чанар бүхий бараа, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн улс, бүс, газар нутгийн газар зүйн тодорхойлтыг хэлдэг байна. 

Холбоотой мэдээ