Тарваган тахлын эсрэг вакцин хийж эхлэв

Монголын мэдээ | Эрүүл мэнд
ariunzaya@montsame.mn
2016-07-20 18:01:57

ЗӨСҮТ нь  улсын хэмжээнд тарваган тахлын эсрэг дархлаажуулалтыг энэ сарын 28-ныг хүртэл зохион байгуулах юм.

Тарваган тахлын голомтот нутгийн хүн ам, малчид, зорчигчид, эрүүл мэндийн байгууллага, онцгой байдал, мэргэжлийн хяналт, хууль сахиулах байгууллагын ажилтнууд дархлаажуулалтад  идэвхтэй хамрагдахыг МХЕГ-аас анхааруулав. Вакцинд зургаагаас дээш насныхан хамрагдах тул харьяа эрүүл мэндийн төвд хандах юм байна.
 
Манай улс Төв Азийн тарваган тахлын байгалийн голомтын зонхилох хэсэг бөгөөд 17 аймгийн 137 сум байгалийн голомттой гэж үздэг аж. Тиймээс иргэд тарваган тахал өвчнөөс өөрийгөө болон бусдыг хамгаалахын тулд хууль бусаар тарвага агнах, худалдаалах, худалдан авах, тээвэрлэх, тарвага тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

ДЭМБ-ын мэдээнд дурдсанаар жил бүр 2000 орчим хүн тарваган тахал өвчнөөр өвчилж, 5-15 хувь нь нас бардаг гэсэн судалгаа гарчээ.

 Б.Заяа 

Холбоотой мэдээ