УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар Ц.Цолмонг томилохыг дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-07-20 22:39:27

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хурал 20 цаг 07 минутад 73.7 хувийн ирцтэй эхэлж, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргыг чөлөөлж, томилох тухай асуудал хэлэлцлээ.

Өмнөх дарга Б.Болдбаатар нь өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тул Цэдэвийн Цолмонг томилуулахаар саналыг УИХ-ын Тамгын газраас гаргасан байна. 

Ц.Цолмон нь 1973 онд төрсөн, эрх зүй мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр зэрэгтэй. 1980-1988 онд нийслэлийн 52 дугаар дунд сургууль, 1988-1992 онд ОХУ-ын Омск хотод технологийн техникум, 1994-1998 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйн мэргэжлээр төгсөж, 2001-2003 онд Их Британийн Эксетерийн их сургуульд хууль зүйн мастер, 2013-2014 онд АНУ-ын Колумбын их сургуульд хууль зүйн мастер тус тус хамгаалжээ.

Тэрээр 1993-1994 онд Улсын Их Хурлын Тамгын газарт компьютер операторч, 1998-2001 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуульд багш, 2004-2013 онд Хууль зүй, дотоод хэргийн яаманд Хууль зүйн бодлогын газрын дарга, 2011-2016 онд Монголын өмгөөлөгчдийн холбоонд өмгөөлөгчөөр тус тус ажиллаж байжээ.

Хуралдаанаас Б.Болдбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Ц.Цолмонг УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилохыг дэмжив.

Б.Туул

Холбоотой мэдээ