Оюутолгой төслийг Монгол Улсын эрчим хүчний сүлжээнээс цахилгаанаар хангана
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар, “Оюу толгой ХХК”-тай “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ”-г байгуулах ажлыг холбогдох хууль, тогтоомжид заасны дагуу зохион байгуулах чиглэл авсан тухай Эрчим хүчний сайд Н.Тавинбэх мэдээлэв.
Оюу толгой уурхайн цахилгаан эрчим хүчний хэрэглээг Монгол Улсын нэгдсэн сүлжээнээс хангах “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ”-ний төслийг эцэслэн боловсруулж дуусаад байгаа юм. Засгийн газрын хуралдаанаар гэрээг баталгаажуулж, үзэглэх эрхийг салбарын сайдад өгчээ. Энэ хүрээнд өнөөдөр 16.00 цагт Эрчим хүчний яаманд хоёр тал уулзаж гэрээг үзэглэхээр тохирсон тухай салбарын сайд мэдээлэлдээ тэмдэглэв.
Оюутолгой компани БНХАУ-аас жилд дунджаар 170 мВт буюу 1.3 тэрбум кВт/цаг эрчим хүч импортоор худалдаж авч хэрэгцээгээ хангадаг байна.
Гэрээ байгуулснаар, дээрх хэрэглээг дотоодоос хангаж 120 сая ам.доллартай тэнцэхүйц борлуулалтын орлого Монгол Улсын эрчим хүчний салбарт үлдэх боломж бүрдэх юм. Энэ нь 450 мВт хүчин чадал бүхий Тавантолгой дулааны цахилгаан станц байгуулах төслийн санхүүжилтэд чухал дэмжлэг болно гэдгийг онцоллоо.
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх хэлэхдээ, "Дээрх гэрээг 20 жилийн хугацаатай байгуулах бөгөөд жилд худалдан авах эрчим хүчний доод хэмжээг 120 сая ам.доллароор тогтоосон. Манай улс Оюутолгойн цахилгааны эрчим хүчийг хангахын тулд зарим техникийн бэлтгэл арга хэмжээ авах шаардлагатай юм. Ингэхдээ, Тавантолгой цахилгаан станцыг байгуулах шаардлагатай. Энэ станцыг байгуулахад дор хаяж дөрвөн жилийн хугацаа орно. Гэхдээ 2024 оноос эхлэн тус станцын эхний блок ашиглалтад орсноор Оюутолгой төслийг эрчим хүчээр хангах боломж бүрдэнэ" хэмээв.
Монголын тал бэлтгэл хангах хүртэл одоо байгаа схемээр буюу Өвөрмонголын эрчим хүчний корпорацаас эрчим хүчээ хангах юм байна.
Оюутолгойн Далд уурхайн бүтээн байгуулалт эхэлснээр, жилд 1.8 тэрбум кВт/цаг цахилгаан эрчим хүч худалдан авах тооцоо байгааг Эрчим хүчний сайд Н.Тавинбэх мэдээллийнхээ үеэр дурдлаа.