Тэтгэвэр, тэтгэмж нэмэх асуудлаар УИХ-ын ээлжит бус чуулганыг товлон зарлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2022-01-27 16:49:58
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдааныг маргааш 14.00 цагт эхлүүлэх УИХ-ын даргын захирамж өнөөдөр гарлаа. 


Ээлжит бус чуулганыг энэ сарын 28-наас ирэх сарын 1-нийг хүртэлх хугацаанд хуралдуулахаар зарласан бөгөөд Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм. Ингэснээр, ахмад настан болон бусад нийгмийн зорилтот бүлгийн халамж авдаг иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхээр төлөвлөж байна. 


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нийгмийн зорилтот бүлгүүдийн тэтгэвэр тэтгэмжийг нэмэх чиглэлийг өчигдөр Засгийн газарт өгсөн юм. Тухайлбал, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон эцэг, эхчүүд болон бусад халамж нэн шаардлагатай иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн тодорхой шийдлийг яаралтай боловсруулах шаардлагатайг сануулсан.


Засгийн газар тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх асуудлыг төсөвт зохицуулалт хийх замаар шийдвэрлэж, төсвийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслүүдийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцүүлнэ.


Инфляцын түвшин нэмэгдэж, 2021 онд улсын хэмжээнд 13.4 хувьд хүрсэн нь бага, дунд орлоготой иргэдийн амьжиргааг хамгаалах шаардлагыг зүй ёсоор бий болгож байгааг төрийн тэргүүн илэрхийлээд байгаа юм.

Холбоотой мэдээ