Мобиком корпораци “Ногоон Дархан” төсөлд дэмжлэг үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-01-27 17:55:35

Дархан-Уул /МОНЦАМЭ/.  Аймгийн ногоон байгууламжийг хамгаалах, сэргээх, нэмэгдүүлэх замаар иргэдийн амьдрах орчин, нөхцөлийг сайжруулах зорилготой “Ногоон Дархан” төсөлд зориулж Мобиком корпораци 60 сая төгрөгийн санхүүжилт олгохоор боллоо.

Дархан-Уул аймгийн нийт газар нутгийн 20 хувь нь цөлжилтөд өртсөн тул энэхүү төслийг хэрэгжүүлэн, ногоон байгууламж, зүлэгжүүлэлтийг нэмэгдүүлж, аймгийн хэмжээнд 2032 он гэхэд 20 сая мод шинээр тарьж ургуулах төлөвлөгөө гаргажээ.

Мобиком корпораци 2021 онд Дархан-Уул аймгийн Засаг даргатай “Хамтран ажиллах санамж бичиг” байгуулж, ард иргэдэд ил тод, хүртээмжтэй, нээлттэй төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэн, Дархан-Уул аймгийн хэрэгцээ шаардлагад тулгуурласан бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгохоор хамтран ажиллаж байгаа билээ. Энэхүү санамж бичгийн хүрээнд өнгөрсөн жил “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэнд Мобинетийн утасгүй интернэтийн бүсийг бий болгож, олон нийтэд нээлттэй байдлаар ашиглуулж эхэлсэн. Түүнчлэн өнгөрсөн жил орон нутаг дахь анхны “Үйлчилгээний нэгдсэн төв-2222”-ыг Дархан хотод байгуулж, Улаанбаатар хотын мэдээллийн төвийн цалин, урамшууллын системтэй адил нөхцөл бүхий 27 ажлын байрыг шинээр бий болгосон.

Мобиком корпораци нь “Дижитал хувьсал” хөтөлбөрийг компанидаа хэрэгжүүлж байгаа туршлагаасаа Дархан-Уул аймгийн удирдлагуудтай хуваалцахын сацуу “Цахим Дархан” төслийг хэрэгжүүлэхэд олон талаар хамтран ажиллаж байна. Тухайлбал, 2021 онд Дархан-Уул аймгийн IV сургуулийн сурагчдад зөөврийн компьютер хандивлаж, Mонпэй цахим төлбөрийн систем, өрхийн интернэтийн үйлчилгээгээ зарим бүсэд шинээр нэвтрүүлсэн. Цаашдаа ч төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, Дархан-Уул аймгийн иргэдэд харилцаа холбоо, мэдээллийн технологийн дэвшилтэт үйлчилгээнүүдийг хүргэн, дэд бүтцийг илүү их хөгжүүлж, иргэдийн амьдрах, ажиллах тав тухтай орчин нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна.

 

Холбоотой мэдээ