Б.Жавхлан: Тэтгэвэр, тэтгэмж нэмэхэд зориулж 123 төслийн зардлыг танасан

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2022-01-28 17:02:55
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Монгол Улсын 2022 оны төсвийн тодотголын нэг дэх хэлэлцүүлгийг явууллаа. Тус тодотголоор ахмад настан болон бусад халамж нэн шаардлагатай иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхээр холбогдох хуулийн төслүүдийг Засгийн газраас боловсруулж өргөн мэдүүлсэн юм.  


Төсвийн тодотголын төслүүдийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хуралдаанд танилцуулсан. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өгсөн чиглэлийн дагуу Засгийн газраас ахмад настны тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөгөөр тогтоохоор төсөлд тусгасныг тэрээр тэмдэглэв. Мөн 500 мянган төгрөгөөс дээш тэтгэвэр авдаг бол 15 хувиар нэмэх, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах багц ажлыг хуулийн төсөлд тусгасныг дурдав. Энэ арга хэмжээнд 637 тэрбум төгрөг зарцуулах бөгөөд энэхүү эх үүсвэрийг Нийгмийн даатгалын сангийн төлөвлөгөөнөөс давсан орлого болон энэ оны төсөвт тусгасан 123 төсөл, арга хэмжээний зардлыг танах маягаар зохицуулжээ. 


Энэ хүрээнд, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулсан байна.


Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын гишүүн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалтай холбогдуулан ахмадын тэтгэвэр нэмэх асуудлыг оруулж ирж байгааг сайшаахын зэрэгцээ цаашид цалин хөлс нэмэх, халамжийн тэтгэвэр нэмэх шаардлага үүсэж буйг тэмдэглэж байв. Ингэснээр, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, инфляц нэмэгдэх эрсдэл үүсэж болзошгүй тул үүнд сэргийлэх арга хэмжээг сайтар хэрэгжүүлэхийг Засгийн газарт зөвлөв. Мөн УИХ-ын гишүүн С.Одонтуяа нарын зарим гишүүн эл асуудлыг намрын ээлжит чуулганы хугацаанд илүү нухацтай хэлэлцэх боломж байсныг дурдаж байв. 



Сангийн сайд Б.Жавхлан гишүүдийн асуултад хариулахдаа, "Тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэлд зориулж 637 тэрбум төгрөгийн төсвийн зохицуулалт хийсэн. Ингэхдээ өнгөрсөн оны Нийгмийн даатгалын сангийн төлөвлөгөөнөөс давсан орлого болох 326 тэрбум төгрөг, төсвийн хөрөнгө оруулалтын 123 төслийн 260 тэрбум төгрөгт зохицуулалт хийсэн. Мөн 50 тэрбум төгрөгийн урсгал зардал, 30 тэрбум төгрөгийн гадаад зээл, тусламжид зохицуулалт хийсэн" хэмээн хариулав. 


ХНХ-ын сайд А.Ариунзаяа, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төлөвлөсөн орлого 730 гаруй тэрбум төгрөгөөр давсан нь 2020 оны нийгмийн даатгалын шимтгэл чөлөөлөлттэй холбоотой гэдгийг тайлбарлав. Мөн энэ жил тус сангийн орлогыг төлөвлөхдөө, нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдээгүй хувь хэмжээгээр тооцсон гэлээ. Нөгөө талдаа, эдийн засгийг сэргээх 10 их наяд хөтөлбөрийн хүрээнд ажлын байр олноор нэмэгдсэн нь энэ сангийн орлого нэмэгдэх нөхцөл бүрдсэн гэв. Тодруулбал, 3321 ажил олгогч, 55.5 мянган албан журмын даатгуулагч нэмэгдсэн эерэг үзүүлэлт гарчээ. 


УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, 2022 оны төсвийг хэлэлцэх үеэр, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооноос 290 төсөл, арга хэмжээг царцааснаар 575 тэрбум төгрөг хэмнэх боломжтой гэсэн санал, дүгнэлт гаргаж байсныг дурдаад, одоогийн төсвийн тодотголоор 120 гаруй төслийг царцааж, 300 гаруй тэрбум төгрөг хэмнэж буйг сайшаав. 


УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын зарим гишүүн нийгмийн даатгалын сангийн мөнгийг байршуулж, дампуурсан Капитал банк, мөн Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгч нар, цаашилбал, оффшор бүсэд хөрөнгөтэй хүмүүстэй хатуу тэмцэж, эх үүсвэрийг нь ашиглах хэрэгтэй гэсэн санал хэлж байлаа. 


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гишүүний асуултад хариулахдаа, Засгийн газраас авлигатай тэмцэх асуудалд их ач холбогдол өгч буйг дурдаад, Хөгжлийн банктай холбоотой асуудлаар найдваргүй зээлдэгчдийн хамаарал бүхий хүмүүсийг АТГ-т шалгуулах шийдвэр гаргасныг мэдээлэв. Тэрбээр, "Тухайн аж ахуйн нэгжүүдэд нэг жилийн хугацаанд хүсэлт гаргасан. Цар тахлын нөлөөгөөр бизнес нь хүндэрсэн аж ахуйн нэгжүүд олон байгаа. Гэхдээ зээлээ төлөх боломжтой байгаа хэрнээ төрийн байгууллагад хүндэтгэлгүй хандаж байгаа аж ахуйн нэгж байж болохгүй. Тиймээс хуулийн байгууллагадаа очоод учраа олно биз гэдэг агуулгаар хандаж байгаа" хэмээн хариулав. 


УИХ-ын гишүүн С.Чинзориг, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс дээгүүр тэтгэврийн доод хэмжээ тогтоож буйг тодотгоод, цаашдаа цалин хөлсийг нэмэх шаардлага үүсэж буйг хэлсэн бол УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, цар тахлын хариу арга хэмжээнд ажиллаж байгаа эмч, цагдаа, онцгой байдлын алба хаагчдын урсгал зардлаас хөрөнгө танасан эсэхийг лавлав. Сангийн сайд Б.Жавхлан хариулахдаа, "Эрүүл мэндийн сайд болон Шадар сайд С.Амарсайханы хариуцсан чиглэлийн урсгал зардлаас ямар нэгэн таналт хийгээгүй. Харин бусад төсвийн ерөнхийлөн захирагч нарын урсгал зардлаас 10 хувийг танасан" гэлээ. 


ХНХ-ын сайд А.Ариунзаяа, Нийгмийн даатгалын сан Капитал банкнаас 104 тэрбум төгрөгийн авлагатай байгаагаас 30 тэрбумыг нь барагдуулсан гэлээ. Үлдсэн 70 тэрбум төгрөгийг үе шаттай барагдуулах хүрээнд битүүмжилсэн хөрөнгийг дуудлага худалдаагаар борлуулах зэрэг хууль, тогтоомжийн дагуу арга хэмжээг графикийн дагуу авч буйг дуулгав. 


Манай улсад 469 мянган тэтгэвэр авагч иргэн байгаагаас 382 мянга нь бүрэн тэтгэвэр авдаг байна. Харин 84 мянган хүн хувь тэнцүүлсэн тэтгэвэр авч байгаа аж. Бүрэн тэтгэвэр авч байгаа ахмадуудын 80 хувь нь, хувь тэнцүүлсэн тэтгэвэр авагчид бүгд 500 мянгаас доош тэтгэвэр авдаг байна.


Энэхүү төсвийн тодотголоор, бүрэн тэтгэврийн доод хэмжээг 500 мянга, хувь тэнцүүлсэн тэтгэврийг 400 мянгад хүргэхээр төлөвлөж буйг тэмдэглэлээ. Харин түүнээс дээш тэтгэвэр авдаг байсан ахмадын тэтгэврийг 15 хувиар нэмэх тооцоо гарсан бөгөөд энэ бодлого хоёрдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ гэдгийг тодотголоо. 


Төсвийн тодотголын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт аван байр сууриа илэрхийлсний дараа хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороодод шилжүүлэв.

Холбоотой мэдээ