Монгол Улс, АНУ-ын хооронд 2023 онд шууд нислэг хийхээр зорьж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-01-28 15:59:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс АНУ-ын хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэлийн явцын талаар албаны хүмүүс ИНЕГ-т мэдээлэл солилцох уулзалт, хурлыг хоёр дахь удаагаа зохион байгууллаа.


Хурлаар хоёр улсын хооронд агаарын харилцаа тогтоох, агаарын тээврийн хэлэлцээр байгуулах үйл явц, АНУ-ын Холбооны нисэхийн захиргаа, тээврийн аюулгүй байдлын агентлагаас шууд нислэгтэй болоход бусад улсад тавьдаг шаардлага, бэлтгэлийн талаар хэлэлцэв. Мөн “МИАТ” ХК-ас Монгол-АНУ хооронд шууд нислэг үйлдэх, тухайн чиглэлийн агаарын хөлөг сонголтын тухай танилцуулжээ.


ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан “Энэ нислэг нээлттэй болсноор манай улсын иргэний нисэхийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагаанд дэвшил гарна. Мөн АНУ-ыг зорих, тус улсаас Монгол Улсыг зорих иргэдийн хувьд цаг хугацаа, мөнгө санхүүгээ хэмнэх давуу талтай” гэв.


Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин Сайд Ө.Батбаяр “Хоёр улсын хооронд шууд нислэг нээх цаг хугацаа, нөхцөл боломж нээлттэй болсон. Энэ ажлыг шуурхайлахын тулд АНУ-ын талтай уулзалт хийж, хэлэлцээр шат шатандаа нааштай өрнөж байна. Бид 2023 онд эхний нислэгээ үйлдэхээр зорьж байна” гэдгийг хэлсэн юм.


“МИАТ” ТӨХК-ны гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир “Монгол Улс АНУ-ын хооронд шууд нислэг хийх нь эдийн засгийн болоод хоёр улсын хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой үйл явдал” гэдгийг онцолжээ.


Энэ удаагийн хуралд ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан, ИНЕГ-ын АТБЗГ-ын дарга Г.Батбаяр, ИНЕГ-ын Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын албаны ерөнхий менежер Г.Амарцэцэг, “МИАТ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир, “МИАТ” ТӨХК-ийн Нислэг үйлдвэрлэлийн зохицуулалт, инженерингийн хэлтсийн дарга Э.Гантулга, ИНЕГ-ын Агаарын тээврийн бодлого, зохицуулалтын газрын Агаарын харилцааны тасгийн дарга Д.Түвшинбаяр оролцов. Мөн Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ө.Батбаяр, Олон улсын гэрээ, эрх зүйн газрын захирал С.Сүхболд, Иргэний нисэхийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Мөнхтуяа, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн Б.Нямдаваа онлайнаар оролцож санал бодлоо хуваалцжээ.

 

 

Холбоотой мэдээ