Зэрлэг амьтдын бэлчээр хамгаалах зорилгоор төмөр замын торыг хэсэгчлэн авав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-01-28 17:36:51

Дорноговь/МОНЦАМЭ/. Зэрлэг амьтдын бэлчээрийг хамгаалах, амьдрах орчин хийгээд нүүдлийн замд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр төмөр замын торыг хэсэгчлэн авч нүүдлийн замыг чөлөөлөх төслийг Байгаль орчин аялал жуулчлалын яам, Зам тээврийн яам, Монгол-Оросын ХХН УБТЗ, Байгаль зэрлэг, амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS) хамтран “Оюу толгой” ХХК-ийн дэмжлэгтэйгээр 2019 онд хэрэгжүүлж эхэлжээ.

Дээрх төслийг 2022 оны 12 дугаар сарын 24-нийг хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн хэрэгжүүлж, зэрлэг амьтдын шилжилт хөдөлгөөн хийх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Өргөн сумын нутагт хамаарах хоёр байршил газарт нийт 1,2 км торыг хэсэгчлэн авсан байна.

Зэрлэг амьтдыг төмөр зам хөндлөн нэвтрүүлэх, гал тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал болон тээврийн үйл ажиллагааг тасралтгүй хангахад хамтран ажиллах зорилгоор “Харилцан ойлголцлын санамж бичиг”-т аймгийн Засаг даргын орлогч С.Одбаяр, Өргөн сумын Засаг дарга Ц.Мөнхдаваа, Эрдэнэ сумын Засаг дарга И.Батсүрэн, Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS)-ийн захирал Ш.Энхтүвшин, Монгол-Оросын ХХН УБТЗ-ын дарга Х.Хэрлэн нар  энэ сарын 26-нд гарын үсэг зурсан аж.

Төмөр замын торыг хэсэгчлэн авах ажиллагаанд Зам тээвэр, хөгжлийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, УБТЗ-ын харьяа Замын  дөрөвдүгээр анги, АНУ-ын ЭСЯ-ны эдийн засаг, Байгаль орчны хэлтсийн төлөөлөл, “Оюу толгой” ХХК, Байгаль зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS)-ийн төслийн багийнхан болон аймгийн Засаг даргын орлогч С.Одбаяр, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Өргөн, Эрдэнэ сумын Засаг дарга болон холбогдох албан тушаалтнууд оролцжээ. 

Холбоотой мэдээ