Э.Наранмандах: Хуулийн салбар бол тухайн албан хаагчаас тасралтгүй хөгжил, шинэчлэлийг шаарддаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2022-01-29 14:15:55

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ-ын Хууль, эрхзүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Э.Наранмандахтай ярилцлаа. Тэрбээр сар шинийн босгон дээр ажил хөдөлмөрөө үнэлүүлэн “Аймгийн оны тэргүүний төрийн захиргааны албан хаагч”-аар шалгарсан юм.


-Юуны өмнө өөрийгөө танилцуулна уу?

-Би 2013 онд Их засаг их сургуулийг эрхзүйч мэргэжлээр төгссөн. Анх Зүүнговь сумын ЗДТГ-т мэргэжилтнээр ажилд орж байлаа. Улмаар 2014 оноос аймгийн ЗДТГ-ын Хууль, эрхзүйн хэлтэст мэргэжилтэн, 2020 оноос ахлах мэргэжилтнээр ажиллаж байна. Эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг. Бага байхдаа хуулийн салбарыг сонирхон, энэ чиглэлээр суралцах зорилго тавьсан. Эмч хүн хүнийг эмчилдэг бол эрхзүйч хүн нийгмийг эмчилдэг. Энэхүү суурь зарчмаар одоог хүртэл мэргэжлээрээ ажиллаж байна. Ажилдаа алдаа дутагдал гаргахгүй байж, хуулийн хүрээнд засаж залруулах шаардлагатай асуудал бүрд мэдлэг, ур чадвар, туршлага хуримтлуулан, өөрийгөө бүрэн дайчилж ажиллахыг хичээдэг.

-Хуулийн салбар албан хаагчаас хариуцлага, шударга байдлыг шаарддаг шүү дээ. Таны хувьд хэрхэн ажиллаж байна вэ?

-Анх мэргэжлээрээ ажиллах үед мэдэхгүй зүйл их гардаг байлаа. Ялангуяа эрхзүйчийн ажил иргэдийн бухимдал, гомдолтой нүүр тулна. Аль болох тухайн иргэний асуудлыг хуулийн дагуу шийдээд, хэрэгцээт зөвлөгөө өгөхийг хичээнэ. Мэргэжил аргазүйн чадамжтай, олон жил ажилласан туршлагатай хүний үг дутаж байсан үе бий. Гэвч хүссэн мэргэжлээрээ ажиллаж байгаа болохоор жил тутамд өөрийгөө хөгжүүлэхийг эрмэлзэж ирсэн. Мэдээж ажилласан жилийнхээ тоогоор туршлага хуримтлуулж байна. Хуулийн салбар бол тухайн албан хаагчаас тасралтгүй хөгжил, шинэчлэлийг шаарддаг. Алдаа, дутагдал гаргасан бол алдаагаа давтахгүй байх нь чухал гэж боддог. Алдаагаа давтах нь төрийн албан хаагч хүнд байх ёстой шинж биш. Хийсэн ажлаа улам сайжруулахын төлөө явж байна.

-“Оны тэргүүний төрийн захиргааны албан хаагч”-аар шалгарсан байна. Баяр хүргэе, .-Залуу хүний хувьд хийсэн ажлын үр дүнгээ үнэлүүлэн “Оны тэргүүний төрийн захиргааны албан хаагч”-аар шалгарсандаа баяртай байна. Өнгөрсөн хугацаанд хуулийн дагуу, шударгаар ажиллахыг илүүд үзсэн. Хамгийн чухал нь иргэдийн эрх ашгийг нэгдүгээрт тавьж ажилласан. Иргэд, хуулийн этгээдэд мэргэжлийн хүрээнд үйлчлээд эргээд цалин авч байгаа учраас ажлын чиг үүргээ умартах, асуудлаас хойш суухыг хүсдэггүй. Энэ ч утгаараа 8 жил ажиллахдаа нэг ч иргэн, аж ахуйн нэгжээс гомдол сонсож, асуудлыг нь шийдэлгүй өнгөрөөж байсан удаагүй.

Авлигатай тэмцэх газраас хийсэн 2021 оны “Шударга байдлын үнэлгээ”-ээр Увс аймаг улсын хэмжээнд 3 дугаар байрт орсон. Энэ бүхэн мэдээж авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлд бид бүхний хийж, хэрэгжүүлсэн ажлын үр дүн юм.

-Ажлын нэг өдөр хэрхэн өрнөдөг вэ?

-Иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, албан бичигтэй танилцаж, хуулийн дагуу шийдвэрлэн, хариу арга хэмжээг авах, иргэдэд хуульзүйн зөвлөгөө, зааварчилгаа өгөх, хэрэгцээт сургалт, соён гэгээрүүлэх мэдээлэл, видео контентыг хүргэх, мөн төрийн байгууллагуудад хуулийн зөвлөгөөг өгөх зэргээр ажил өрнөдөг. Тэрчлэн сумдын Засаг дарга, Тамгын газрын дарга нарын баталсан захирамж, тушаалуудад мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч ажилладаг. Манай хэлтсийн чиг үүрэг бол аймгийн Засаг даргын захирамж, Тамгын газрын даргын тушаал, төрийн байгууллагуудын удирдах албан тушаалтнаас гаргаж буй тушаал, шийдвэр нэг бүрийн хуульзүйн үндэслэлийг мэргэжил аргазүйн хувьд хууль ёсны болгох, зөвлөгөө зааварчилгааг шуурхай өгч ажиллах явдал юм.

-Цаашид ямар ажил хийхээр төлөвлөж байна?

-Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр болон авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлд анхаарч ажиллана. Сумдын Засаг дарга, төсөвт байгууллагын дарга нарыг авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдохгүй байх талаар баталгаа гаргуулж авах чиглэлтэй байна. Төсөв хөрөнгө захиран зарцуулахтай холбоотой шийдвэр гаргаж байгаа учраас авлигаас урьдчилан сэргийлэх, зөрүүтэй шийдвэр гаргуулахгүй байх тухайд урьдчилан сэргийлэх ажил юм. Иймд манай хэлтсийн албан хаагчид болон хуулийн хүмүүсээс заавар зөвлөгөө авч, хуульд нийцсэн шийдвэр гаргах тухай баталгаа юм.

Зарим тохиолдолд санамсаргүй байдлаар хуульд нийцээгүй шийдвэр гаргаад авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдох нөхцөл байдаг. Мөн хүүхэд залуучууд, зорилтот бүлгийн иргэдийг авлигын хор уршгийн талаарх сургалтад хамруулах, мэдээллээр хангах, соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулна. Цахим орчинд идэвхтэй хүмүүсийг сургалтад хамруулан олон нийтэд авлигын мэдээллийг түгээх замаар авлига, албан тушаалын гэмт хэргийг таслан зогсоох чиглэлд иргэний хяналтыг сайжруулах зорилготой байна. Салбарын залуучууддаа хандаад өргөсөн тангарагтаа үнэнч байж, нэгдүгээрт иргэн гэсэн зарчмыг тавьж ажиллахыг хүсэх байна.

-Ярилцсанд баярлалаа.

Холбоотой мэдээ