Өрхийн үйлдвэрлэл олон иргэнийг ажилтай орлоготой болгожээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/.
Идэр сум 2021 онд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжиж, халамж хүртэгчдээс
хөдөлмөр эрхлэлт рүү шилжсэн хөдөлгөөнийг өрнүүлсэн нь үр дүнгээ өгсөн гэж
сумын ЗДТГ-аас мэдээлэв.
Тухайлбал, 2021 онд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд 9 иргэний өрхийн
үйлдвэрлэлийг дэмжиж хөнгөлөлттэй зээлд хамруулжээ. Өрхийн үйлдвэрлэл эрхлэгч
нэр бүхий гурван иргэн зөөлөн оёдлын төсөл бичиж тус бүр таван сая төгрөг.
Харин талх нарийн боов үйлдвэрлэл, сүү цагаан идээний үйлдвэрлэл, үсчин, гоо
сайхны чиглэлээр мөн гурван иргэн төсөл бичиж дэмжлэг авсан байна. Түүнчлэн малчдын
хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээнд ялангуяа малчин эмэгтэйчүүдийн
хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг
дэмжих чиглэлээр 1-4 хүртэлх сая төгрөгийн дэмжлэгийг үзүүлээд байна.
-Танайх хэзээнээс өрхийн үйлдвэрлэл эрхэлж байна вэ?
-Миний хувьд 2018 оноос хойш өрхийн үйлдвэрлэл явуулж
байна. Энэ хугацаанд санаа нийлсэн, өрхийн орлогоо нэмэх сонирхолтой таван
эмэгтэйтэй хамтран бүлэг байгуулж зөөлөн оёдол хийж байна.
-Хэчнээн нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг вэ?
-Манай бүлэг өнөөдрийн байдлаар 9 нэр төрлийн
бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Захиалга ч их байдаг. Бас үнэ боломжийн болохоор
эрэлт их. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний борлуулалт ч сайн байгаа. Ялангуяа монгол
дээл, хүүхдийн баривч, европ загварын хувцас, засвар үйлчилгээг иргэд их
хийлгэдэг.
М.Эрдэнэчимэг:
Ширмэл ширдэг, аравч их эрэлттэй байдаг
-Миний
хувьд өрхийн үйлдвэрлэл явуулаад 25 жил болж байна. Энэ хугацаанд зөөлөн оёдол,
ялангуяа монгол загварын төрөл бүрийн дээл, эсгий эдлэлийг гэрээр оёдог. Ширмэл
ширдэг, орны аравч зэрэг бүтээгдэхүүнүүд эрэлт ихтэй. Захиалга ч их. Ялангуяа
Улаанбаатар хот болон бусад сумдаас захиалга их ирдэг.
-Ширмэл
ширдэг гараас гарахад цаг хугацаа их зарцуулдаг байх. Үнийн хувьд хэчнээн төгрөгийн үнэтэй байна вэ?
-Оёдолчин
хүн гарын их ур дүйтэй байхаас гадна сэтгэл маш чухал. Учир нь сэтгэлээс
улбаалж хийсэн бүхэн чин сэтгэлийнх болдогтой адил хүн бүр хийж байгаа зүйлээ
нямбай хийх хэрэгтэй тэгвэл хийж буй бүтээл сайхан болдог. Түүнтэй адил эсгий
аравч, ширдэг ширж оёх нь нарийн технологи, ур ухаан, цаг хугацааг шаарддаг.
Тиймээс эсгий ширмэл ширдэг, эсгий ширмэл аравчийг захиалга өгсөн хүнтэйгээ
ярьж тохирч байж үнэлгээгээ гаргадаг. Эсгий эдлэл эрүүл мэндэд сайн, чийг
татахгүй, дуу чимээг намсгана, хөнгөн зөөлөн, дулаан, халуун хүйтнээ
барьдаг. Автомашины суудлын олбог гэхэд ямар ч улиралд
тохиромжтой байдаг. Хүмүүс зун их халуун гэж ярьдаг. Харин ч зун хөлөргөдөггүй
сайн талтай. Харин өвлийн улиралд жиндээдэггүй дулаахан, эрүүл мэндэд маш
тустай. Ширмэл ширдгээ тэмээний ноосон утсаар оёдог. Тэмээний ноосон утас бат
бөх, оёо нь ханзардаггүй. Мөн тэмээний ноосон утас эсгийндээ ширэлдэж нягтарч
өгдөг ба ширмэл ширдгээ битүү ширдэг учир үс гарахгүй чанартай болдог. Ширмэл
ширдэг хэмжээнээсээ шалтгаалаад дуусах хугацаа хүртэл янз бүр байдаг. Тиймээс
үнэ тогтооход их хэцүү шүү.
Өндөр
настан Ө.Ишханд: Улаан хальст саримсыг тарьж чадвал Завханы хаана ч ургана
-Би 1990
оноос хойш улаан хальст саримсыг Идэр суманд нутагшуулан тарьж ургуулж байна.
Ер нь улаан хальст саримсыг зөвхөн Улиастайд биш, хичээж, арчилж, ургуулж
чадвал Завханы ямар ч суманд ургадаг. Харин судлаачдын ярьснаар Завханаас өөр
газар ургахдаа тун муу гэдэг юм билээ.
-Та
саримс тариалахаас гадна саримсаараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж худалддаг гэсэн?
-Тиймээ.
Улаан хальст саримсаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүнийг хийж савлаж иргэдийн
хэрэгцээг хангаж байна. Тухайлбал саримсны иш, голыг дарж, савлах. Саримсыг
хатааж нунтаглаж савлах, саримстай хатаасан аарц гээд ургуулсан саримснаасаа
хаягдал гаргахгүйгээр боловсруулж иргэдийнхээ хэрэгцээг хангадаг. Их хэмжээгээр
биш ч гэлээ өрхийн үйлдвэрлэлээрээ сумынхаа иргэдийн хэрэгцээг хангадаг.
Саримснаас гадна зургаан нэр төрлийн төмс хүнсний ногоо, нарийн ногоо тариалан
даршилж нөөцөлж зах зээлд нийлүүлж байна.
-Жилд
хэчнээн га газар саримс тариалж байна вэ?
-Жил бүр дунджаар 1-1.5 га газар тариалалт хийж амжилттай
ургац авч байна. Манай Завханы
гэж нэрлэгддэг энэ улаан хальст саримсыг брэнд болгож технологийнх нь дагуу
тариалж эхэлсэн түүх тариаланч Р.Омоонцоо гуайтай холбоотой юм. Улиастайд 300-аад
жилийн өмнөөс хятад иргэд улаан хальст саримсыг нутагшуулан тариалж ирсэн
түүхтэй ч гэж ярьдаг. Тариалалт нь багасаж бараг устаж үгүй болж байсан энэ
саримсыг 1992 онд Р.Омоонцоо гуай Дархан-Уул аймгийн хүрээлэнгээс гурван кг
саримсны үр авч тариалснаар “Улаан хальст саримс”-ыг устаж үгүй болохоос нь
аварч, Завхан аймагт дахин сэргээсэн. Үүнээс хойш Улиастайд тариаланч бүр улаан
хальст саримсыг технологийнх нь дагуу тариалж ургац авч байна. Энэ саримс нь ургамлын антибиотик хэмээн нэрлэгдэх
фитонцидыг агуулдаг тул зүрх судас, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг
идэвхжүүлж, биеийн дархлааг сайжруулдаг төдийгүй нян, мөөгөнцрийн эсрэг
үйлчилгээ үзүүлдэг онцлогтой. Мөн маш их арчилгаа тордолгооны дүнд амжилттай
ургац авдаг учир зах зээлд өндөр үнэтэй байдаг. Гэсэн хэдий ч худалдан авалт
жил бүр нэмэгдэж байна. Улаан хальст саримс зах зээлд 1кг
нь 60-70000 төгрөгөөр үнэлэгддэг ба Хятадаас импортолдог цагаан
саримстай харьцуулахад даруй 15 дахин өндөр үнэтэй байдаг юм. Манай
сумын иргэд улаан хальст саримсыг заавал аймгийн төв Улиастайгаас очиж
авахгүйгээр сумынхаа хөрсөнд тарьж ургуулсан энэ саримсыг худалдан авдаг болсон
шүү.
Иргэн С.Золжаргал: Сумын иргэд сумандаа
үйлдвэрлэсэн талх нарийн боовыг хэрэглэх дуртай байдаг
-Миний хувьд сумандаа үйлдвэрлэл
явуулаад таван жил болж байна. Түүнээс хойш хоёр ч удаа хөдөлмөр эрхлэлтийг
дэмжих чиглэлээр болон сум хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлд хамрагдаж
өрхийн үйлдвэрлэлээ өргөтгөсөн. Мөн гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийнхээ нэр
төрлийг жил бүр нэмэхийг зорьж байгаа.
-Гурилан бүтээгдэхүүн сумандаа хэр эрэлттэй вэ?
-Эрэлт их байлгүй яах вэ. 2018 оноос
хойш гэрээрээ гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа. Анх гэртээ цөөн тоогоор талх
бариад өдөртөө борлуулдаг байсан. Харин тоног төхөөрөмжөө сайжруулснаар гурилан
бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нэмж, бас үйлдвэрлэх бүтээгдэхүүнийхээ тоо
ширхгийг нэмснээр сумынхаа иргэдийн хэрэгцээг бүрэн хангаж чаддаг болсон.
Өнөөдрийн байдлаар нийт 12 нэр төрлийн бүтээгдэхүүнээр сумын иргэдэд үйлчилж
байна. Хоёр төрлийн талх, нарийн боов, боорцог, кекс, бас захиалгаар бялуу
үйлдвэрлэж байгаа.
-Сумын иргэдийн худалдан авалт хэр
байдаг вэ? Бүтээгдэхүүнээ өдөрт нь борлуулж чаддаг уу?
-Өдөртөө 30-50 ширхэг хоёр төрлийн
талх 15-20 кг нарийн боовыг үйлдвэрлэж байна. Ихэвчлэн өдөртөө борлуулаад
дуусчихдаг. Гэрээсээ болон сумынхаа хүнсний дэлгүүрүүдээр дамжуулаад
борлуулчихдаг. Үнийн хувьд аймгийн төвийн талх нарийн боовноос 300-500 төгрөгөөр
хямд байдаг. Манай сумын хүнсний дэлгүүрүүд ихэвчлэн Улаанбаатар, Тосонцэнгэл,
аймгийн төвөөс талх нарийн боовыг их хэмжээгээр татаж борлуулдаг байсан. Харин
сүүлийн жилүүдэд сумандаа үйлдвэрлэж байгаа талх нарийн боовыг хэрэглэх,
худалдан борлуулах сонирхолтой болсон. Талх нарийн боовыг холоос татаж
авчирснаар хадгалах хугацаа нь дуусах, амархан муудах гээд эрсдэл өндөр байдаг.
Харин сумаасаа шинэхэн талх, нарийн боовыг худалдаж авч хэрэглэх нь эрүүл
мэндэд нь тустай гэдгийг мэддэг болсон. Тиймээс өрхийн үйлдвэрлэлээ өргөжүүлж,
бүтээгдэхүүнийхээ амт чанарт анхаарч, нэр төрлийг нь олшруулаад байгаа. Мөн
талх нарийн боовоо исгэгчээр биш, хөрөнгөөр исгэж хийхийг зорьдог. Хэрэглэгчид
маань манай бүтээгдэхүүнийг хэрэглээд сурсан.
Үнэгүйдээд байгаа
малынхаа түүхий эдийг үнэтэй болгосондоо баярладаг
-Анх 2018 оноос эхлэн сумандаа арьс ширний чиглэлээр үйл
ажиллагаа явуулж эхэлсэн. Өнөөдөр манай хоршоо дөрвөн ажилтантай үйл ажиллагаа
маань тогтворжсон. Малын арьс шир үнэгүйдэж, хог дээр хаягдаж байгаад их
эмзэглэдэг. Тиймээс л үнэгүйдээд байгаа малынхаа арьс ширийг боловсруулж үнэтэй
болгохсон гэсэн мөрөөдөлдөө хөтлөгдөөд. Бас өрхийн орлогоо нэмэх гэж санаа
нийлсэн нутгийнхаа иргэдтэй ярьж хамтарч хоршоогоо байгуулж байсан. Тодруулж
хэлбэл, зах зээлд үнэгүйдсэн арьс ширийг нэмүү
өртөг шингээн эцсийн бүтээгдэхүүн болгож зах зээлд нийлүүлэх. Ингэснээр малчдын
эдийн засгийг дэмжих, бас өрхийн орлогоо нэмэх боломжтой болсон. Үнэгүйдээд байгаа малынхаа түүхий эдийг
үнэтэй болгосондоо баярладаг
-Малын арьсаа элдээд боловсруулаад бүтээгдэхүүн болгож байгаа
гэсэн үг үү?
-Тийм ээ. Манай хоршоо нэг их том үйлдвэр биш лдээ. Гэхдээ сумандаа бол өрхийн үйлдвэрлэл маань боломжийн түвшинд байдаг. Бид өөрсдөө арьс шир худалдаж аваад элдээд боловсруулсан арьсаараа бүтээгдэхүүн үйлдвэрлээд борлуулж байгаа. Мөн иргэд өөрсдөө арьс ширээ тодорхой үнэлгээтэй элдүүлээд явдаг. Манайх элдсэн хонины нэхий, ямааны арьс, үхэр адууны ширийг үйлдвэрийн аргаар боловсруулаад хурган дотортой дээл, нэхий дээл, майк, лоовуузан малгай, ууцавч, хүүхдийн баривч, бойтог зэргийг үйлдвэрлэдэг. Мөн бод малын ширийг элдээд малын тоног, сур ногт зэрэг нэр төрлийн бүтээгдэхүүнийг монгол уламжлалт аргаараа үйлдвэрлэж байгаа. Гэхдээ дандаа захиалгаар. Ер нь захиалга тасардаггүй. Манайх заримдаа ачаалал, захиалгаа дийлдэггүй ч үе бий шүү. Бас хоршооны гишүүд маань тогтмол орлоготой, цалинтай. Сүүлийн жилүүдэд арьс ширээр үйлдвэрлэх боломжтой бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг олшруулахаар бас өөрсдийнхөө чадавхыг нэмэгдүүлэхээр арьс ширний сургалтуудад хоршооны гишүүдээ хамруулж байна.
-Танд баярлалаа.
Б.Баттулга: Буриад гутал бол үнэндээ монгол гутал
-Би 2010 оноос хойш тасралтгүй буриад гутал гэрээр оёж
байна. Хүүхдийн болон насанд хүрэгчдийн гээд хоёр төрлийг оёж байгаа. Ер нь
ажиллагаа их, гарын ур дүй их шаарддаг хөдөлмөр бол гутал оёх. Манай сум
аймагтаа монгол буриад гутлын ур хийцээрээ ялгардаг буриад гутлыг үе дамжин оёж
хэрэглэгчдэд хүргэдэг шүү дээ. Аймагт бол Идэрийн буриад гутлыг л авъя гэх нь
сайхан санагддаг шүү.
-Та ур хийцээрээ ялгардаг гэлээ? Тодруулж хэлэхгүй юу?
-Тэгэлгүй яах вэ. Миний оёдол арай өөр. Учир нь гутлынхаа
улсыг захиалагчдынхаа хүсэлтээр зузаалах, нимгэн тавих. Мөн хүүхдийн буриад
гутлыг оёхдоо арай зөөлөн арьсыг сонгож, дундаж давхар уллагаа хийж өгдөг. Мөн
зуузайг нь холгохгүйгээр оёдог. Насанд хүрэгчдийн буриад гутлыг захиалгаар
хийхдээ бас л улыг нь нимгэн, давхар уллагаатай гээд ур, оёдол шаарддаг юм.
Ер нь Монгол гутал бол
нүүдэлчдийн соёл, уламжлалыг харуулдаг чухал хувцас шүү дээ. Өнөөдөр хүмүүс
ихэвчлэн европ гутал өмсөж байна. Харин манай хөдөөд бол өвлийн улиралд аль
болох монгол, буриад гутлыг өөрийнхөө хөлд тохируулан өнгө загвараа сонгоод
хийлгэдэг болсон. Энэ нь ч эрүүл мэндэд сайн. Түүгээр ч барахгүй хөдөөгийн өдөр
тутмын ажилд нь тохирсон гутал байдаг шүү. Гутал оёдог болохоор гутлын түүхийг уншиж
судалсан. Малын шилбэний арьсыг Монголчууд год, годол гэдэг бөгөөд энэ
үгнээс гутал гэдэг үг үүссэн гэж үздэг юм билээ. Мөн нүүдэлчид хөнгөн бат бэх,
хөлд эвтэй, дайн тулаанд дөрөө даах, гүйхэд хөнгөн гутал өмсдөг байжээ.
Одоо ч иргэд гутлын захиалга өгөхдөө нимгэн гоёлын арьсаар хөнгөн, дулаахан,
бат бөх, чанартай гутал оёж өгөхийг хүсдэг болсон шүү дээ. Түүнийг нь биелүүлэх
гэж. Бас үйлчлүүлэгч бүрийнхээ итгэлийг алдахгүйг хичээж гутал бүхэнд сэтгэлээ
шингээж урладаг даа.
-Та
гутлын тухай түүх судалдаг гэлээ? Сонирхолтой түүх байвал хэлж өгөөч?
-Тиймээ. “Манжийн ноёрхлын
үеэс эхлэн, монголчууд нүсэр хийцтэй, хүнд жинтэй, алхахад төвөгтэй хэт өндөр
ээтэн хоншоортой. Алхахад арагш ухарч явдаг, хөлийн түрий хүртэл тулгасан
хэлбэр маягтай гутал өмсдөг болсон байна. Манжийн далд бодлогын
дагуу дайчин цэрэг эрс өмсөж явахад зохимжгүй, эмээлийн дөрөөнд бараг
багтахгүй. Эмээл дээрээ тогтвортой сууж, зогсох, дөрөөн дээрээ хөдөлгөөн хийхэд
төвөгтэй гутлыг сэдэж Монголчуудад өмсдөг болгожээ. Гэтэл Байгаль нуурын тэнд
Оросын мэдэлд үлдсэн буриадуудын хэрэглэж байгаа гутал буюу Буриад гутал
нь үнэндээ монгол гутал юм. Хөлд хөнгөн авсаархан, эмээл дээр хөдөлгөөн хийх.
Эмээл дээр зогсох, суухад зохимжтой, өвдөгний ард тулахгүй гээд яг л эртний
давуу талуудыг хадгалдаг. Буриад гутлын эсгүүр, хийц маяг нь ойрад,
цаатан, тува нарын гуталтай төстэй байдаг. Буриад, Монгол гутлуудыг харьцуулаад үзэхэд
тэр бүхэн илт харагддаг. Монгол гутлыг дээр цагт мөн луучин гутал гэдэг,
урд газраас оруулж ирсэн, аль нэг газар нутгийн хийц байсан байж болох юм.
Тиймээс ялгах гэсэн нэр байж болно. Харин одоо бол луучин гутал гэхээ
больж шууд л Монгол гутал гэдэг болсон байна” гэж уншиж байсан. Тэгэхээр буриад
гутал бол өмсөхөд хөнгөн, авсаархан, дулаахан, тулгуур сайтай гутал шүү дээ.
-Орон нутагт гутал үйлдвэрлээд 10 гаруй жил болжээ.
Үйлдвэрлэл явуулахад хүндрэлтэй зүйл их байх?
-Хөнгөн үйлдвэрлэлийн салбар дотроо арьс, ширэн эдлэлийн үйлдвэрлэл хүнд хөдөлмөрт ордог. Өглөө эрт л ажлаа эхлэхгүй бол ажиллагаа, цаг хугацаа шаардагддаг. Өдөр бүр 12-аас дээш цаг хөдөлмөр эрхэлж байна шүү дээ. Манай улсын голлох салбар бол мал аж ахуй, газар тариалан, хөнгөн үйлдвэрлэлийн салбар. Тиймээс эдгээр салбарууд болон жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг төрөөс бодлогоор дэмжих нь зүйтэй. Бүр дорвитой бодлого гаргаж ажилламаар байна. Мөн ажлын байр нэмэгдүүлэн, зах зээлийн хүрээгээ тэлэхийг эрмэлзэж буй үндэсний баялаг бүтээгч иргэн, аж ахуйн нэгжүүдийг дэмжих нь чухал гэдгийг л хэлмээр байна. Өнөөдөр гэхэд би гутал үйлдвэрлэлийг гэрээрээ л хийж байна. Дэргэдээ 3-5 хүнийг сургаж ажилладаг. Надаас сурч мэдсэнээ үргэлжлүүлээд өргөтгөөд өрхийн үйлдвэрлэл эрхэлж байгаа зургаан хүн бий. Тэгэхлээр жижиг дунд үйлдвэрлэл бол үр өгөөжөө өгдөг. Ялангуяа хийе гэсэн хүнд ажил их бий гэдгийг л залуучуудад хэлмээр санагддаг.
-Гутлын борлуулалт хэр вэ?
-Ихэвчлэн захиалгаар гутлаа оёж борлуулдаг болохоор эрэлт их. Борлуулалт сайн байгаа. Хааяа цаг хугацааны боломж байвал хүүхдийн буриад гутлыг илүү олныг оёж борлуулдаг. Захиалгыг хөрш сумууд болон өөрийн аймгаасаа л авч байна. Тухайн хүнийх нь хэмжээ, загвараар гутлаа оёдог болохоор чанар хийц ч сайн гарна. Үнэ ч боломжийн болохоор захиалгаа бараг хүчрэхгүй сар бий шүү.
-Танд баярлалаа.